УСНЫ ОСОЛ: 22, 40 настай иргэдийн цогцсыг гаргаж, шүүхийн шинжээчид хүлээлгэн өглөө
Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 9 дүгээр багийн “Задгай” /Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн урд талд/ Хэрлэн голын усанд нэг эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцасаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид долдугаар сарын 03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын 7 дугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд 4 том хүн сэлж байгаад нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг долдугаар 03-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн.