Аюулгүй ажиллагааг тэргүүлдэг “Улаанбаатар Бүк” компанийн үйлдвэрт зочиллоо
Жил бүр ажлын байрны орчин, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулдаг. Эл уралдаанд барилгын салбарын шилдгээр шалгарсан “Улаанбаатар БҮК” ХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сайн туршлагыг онцлон хүргэж байна.
“Улаанбаатар БҮК” ХК нь 300 гаруй ажилтантай. Сүүлийн жилүүдэд MNS ISO 9001, MNS ISO 45001 2000 хэмээх хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг компанидаа нэвтрүүлсэн байна. Үүний хүрээнд ХАБЭА-н менежерийн ажлыг өргөтгөж, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны албатай болжээ. Ингэснээр ажилчдаа эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөл боломж нь улам нэмэгдсэн аж.
ХАБЭА-н цагаан толгой А үсэг бол ажлын зааварчилгаа байдаг. Тус компани зочдод, ажилтнуудад, компанид нэвтэрч буй жолоочдод гээд нийт 43 ажлын зааварчилгааг боловсруулсан байна.
Анхан шатны зааварчилгаанд компанийн 41 мэргэжлийн ажилд зааварчилгаа гаргаж өгчээ. Тухайлбал, гагнуурчин, цахилгаанчин, цэвэрлэгч гээд ажил бүр дээр өдөр тутамдаа аюулгүй ажиллах зааварчилгааг боловруулсан байна. Зааварчилгаанд ажил эхлэх үед юуг анхаарах, ажил гүйцэтгэж байх үед юуг анхаарах, ажлын төгсгөлд юуг анхаарах, аюул осол гарсан үед юунд анхаарах вэ гэдгийг заажээ. Зааварчилгааг ажилтан болгонд тайлбарлаж, мөрдүүлдэг байна.
Тус зааварчилгааг мөрдөн ажиллаж байгаа эсэхийг гурван шатлалаар хянадаг байна. Нэгдүгээр шатанд, ээлжийн ХАБЭА-н инженер өдөр бүр аль цэгт ямар эрсдэл байгааг олж тогтоож засаад аюулгүй байдлыг хангадаг байна. Хоёрдугаар шатанд, ХАБЭАБО-ы албаны дарга нь үзлэг хийж, үнэлгээ хийгээд эрсдэлийг арилгуулдаг аж. Гуравдугаар шатанд, компанийн гүйцэтгэх захирлаар ахлуулсан ХАБЭА-н зөвлөл бүрэлдэхүүнээр ажиллаж эрсдэлийг илрүүлэн ажилладаг байна.
Ганцхан жилийн дотор 436 эрсдэлийг илрүүлж, арилгажээ
Дүрэм: Кран хөдөлж байгаа л бол дуугарах ёстой
Гурван шатны хяналтын хүрээнд тус компани 2021 онд 436 эрсдэлийг илрүүлж, арилгажээ. Энэ нь 436 удаа ажилтан гэмтэхээс сэргийлж ажилласан гэсэн үг юм. Энэ талаар компанийн ХАБЭАБО-ы албаны дарга Л.Эрдэнэцэцэг “Хэдийгээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг гаргасан ч түүнийг мөрдүүлэх хамгийн чухал. ХАБАЭ-н ажил маш санаанд оромгүй, жижиг зүйлээс эхэлдэг. Тухайлбал, үйлдвэрийн шалан дээр жаахан ус асгарчихсан байлаа гэж бодъё. Зүгээр л ус юм чинь гээд орхиж болохгүй. Ажилтан халтирч унаад өөрийгөө гэмтээх, ус нь цахилгаан эд хэрэгсэл рүү орж эвдрэх тохиолдол гарч магадгүй. Энэ бүгдийг эрсдэл гэж үзэж, арилгах арга хэмжээ авдаг” гэлээ.
Туслах ажилтан эрсдэлд өртөх нь элбэг
“Улаанбаатар БҮК” ХК-ийн ХАБЭАБО-ы албаны дарга олон жил энэ салбарт ажиллахдаа хэн хамгийн их эрсдэлд ордог талаар судалгаа хийжээ. Үр дүнд нь уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт туслах ажилтан эрсдэлд өртөмхий байгаа нь тогтоогдсон байна. Тиймээс туслах ажилтнуудаа эрсдэлээс хамгаалах хүрээнд цех бүр дээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг тухайн цехийн онцлог тохируулан гаргадаг байна. Ингэснээр ХАБЭА-н инженер нь ажил эхлэхээс өмнө зааварчилгааг өгснөөр туслах ажилтнуудаа эрсдэлээс хамгаалдаг байна. Харин үндсэн ажилтнууд анхан шатны зааварчилгааны дагуу ажилладаг гэнэ.
Компанийн ажилчид ажил үүргээ гүйцэтгэх үедээ амралтын өрөөнд 10-15 минут амрах боломжтой. Удаан хугацаанд зогсож ажилладаг учир хөлийн судас бүдүүрэх тохиолдол их гардаг байна. Тиймээс 10-15 минут амарснаас сэргийлэх боломжтой. Үүнээс гадна бүтээмж нэмэгддэг аж.
Үйлдвэрт зочлох болон ажлын байр руугаа явахдаа зөвхөн энэ шар хүрээтэй ногоон замаар зорчино.
Үйлдвэрийн орчинд нийт 12 түргэн тусламжийн цэгтэй. Түргэн тусламжийн хайрцагт эмнээс бусад хөвөн, ариутгагч зэрэг хэрэгцээтэй зүйл байдаг аж.
Аюулгүй ажиллагааны нийтлэг 10 дүрмийг танилцуулъя.
-Та өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
-Ажил эхлэхийн өмнө тухайн ажилд тохирсон зааварчилгаа удирдлагаасаа авсан байх ёстой.
-Үйлдвэрлэл болон төслийн талбайд НБХХ-г гүйцэд өмсөж хэрэглэх үүрэгтэй.
-Аюултай нөхцөл байдлыг олж харсан бол тухайн ажлыг зогсоох эрхтэй бөгөөд бүх төрлийн осол, осолд дөхсөн тохиолдол, аюултай нөхцөл байдлыг нэн даруй ахлах ажилтанд мэдээлнэ.
-Ажил эхлэхийн өмнө эрсдэлээ үнэлсэн байх үүрэгтэй.
-Согтууруулах ундаа, мансууруулах бодисоос ангид байж, ажил үүргээ гүйцэтгэхэд бэлэн байх ёстой.
-Машин, механизм, тоног төхөөрөмж ажиллуулах бол эрх бүхий мэргэжлийн үнэмлэхтэй байна.
-Эрсдэл өндөртэй ажил гүйцэтгэх бол ахлах ажилтнаас зөвшөөрөл авч эрсдэлийн үнэлгээ хийнэ
-Байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийхгүй байх, ямар нэг зүйл асгарсан тохиолдолд нэн даруй цэвэрлэгээ хийнэ.
-Химийн бодистой ажиллах бол ХАЛМ-тай танилцсан байх үүрэгтэй.