“Хилийн чанад дахь монголчуудын технологийн зөвлөл” байгуулагдана
Хөгжингүй орнуудад ажиллаж, суралцаж буй монголчуудын сайн туршлагыг Монгол Улсын хөгжилд үр өгөөжтэй нэвтрүүлэх зорилгоор хилийн чанад дахь монголчуудын нэгдэл болох “Цахим өртөө” төрийн бус байгууллагаас жил бүр “Монгол Улсын хөгжилд” чуулганыг зохион байгуулдаг.
Энэ жил 17 дахь удаагаа зохион байгуулагдсан тус олон улсын чуулганыг “Mongolian diaspora tech summit” буюу “Хилийн чанад дахь монголчуудын технологийн чуулган” сэдвийн дор өнгөрөгч ням гарагт Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Тус чуулганы “Технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн чиг хандлага” салбар хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ням-Осорын Учрал оролцож, салбарын мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцов. Мөн тэрбээр, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбарын хөгжлийг дэмжихэд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах технологийн зөвлөлийг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын дэргэд байгуулахаар болсныг чуулганд оролцогчдод уламжлав.
Байнгын хорооны даргын дэргэдэх “Хилийн чанад дахь монголчуудын технологийн зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд Эйндховены технологийн их сургуулийн Инженерчлэлийн доктор (EngD)-ын хөтөлбөрийн захирал, туслах профессор Д.Янжинлхам, Арабын Нэгдсэн Эмиратын их сургуулийн Компьютерын шинжлэх ухаан, программ хангамжийн тэнхимийн туслах профессор Г.Мөнхжаргал, АНУ-ын “Enterprise Holdings” компанийн программ хангамжийн шийдлийн инженер Н.Баасандорж, Австралийн Аудитын ерөнхий газрын аюулгүй байдлын зөвлөх Ч.Номин, “Гэрэгэ системс” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, үүсгэн байгуулагч Н.Энхжаргал, “Чимэгэ системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал, Германы даатгалын эдийн засгийн нийгэмлэгийн программ хангамжийн инженер Б.Энхтүвшин, “ICT Group”-ийн үүсгэн байгуулагч А.Тамир, Шотландын “BRS technology” компанийн өгөгдлийн инженер, доктор, О.Анхбаяр, АНУ-ын “ServiceNow” компанийн ахлах программист П.Амарбат зэрэг мэргэжилтнүүд ажиллахаар болсон байна.