|

Дайны дараах Украины сэргээн босголтод $750 тэрбум шаардлагатай гэжээ

Даваа гарагт Швейцарын Лугано хотод дайны дараах Украины сэргээн босголтын асуудлаар олон улсын хурал зохион байгуулагдаж Украины засгийн газрын төлөөлөгчид оролцож, ерөнхийлөгч Володимир Зеленский видео холбоогоор оролцогчдод хандаж үг хэлсэн байна.

Украины ерөнхий сайд Денис Шмигалийн мэдээлснээр Оросын эзлэн түрэмгийллийн улмаас тус улс $100 тэрбумын дэд бүтцээ сүйтгүүлж, 1,200 сургууль, цэцэрлэг, 200 эмнэлгээ устгуулжээ. Мөн олон мянган километр урт хийн хоолой, ус, цахилгааны шугам, авто болон төмөр зам устгагдсан буюу эвдэрсэн.

Дайны дараах сэргээн босголт гурван үе шаттай хэрэгжих ба нийт өртөг нь $750 тэрбум гаруй болох тооцоог Шмигаль хуралд оролцогчдод танилцуулжээ.

Сэргээн босголтын эхний үе шат цэвэр ус, цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, зам гүүрнүүдийг сэргээх зэрэг хүмүүнлэгийн шуурхай тусламжийн хүрээнд хийгдэх ажлууд байх гэнэ.

2023-2025 онуудад үргэлжлэх дунд шатанд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууцнуудыг сэргээн босгох бол 2026-2032 онуудад үргэлжлэх гуравдугаар шатанд Украины эдийн засгийг “ногоон”, дижитал болгон шинэчилж, Зөвлөлтийн үеийн хуучирсан тогтолцооноос Европын Холбооны стандартад бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ.

Сэргээн босголтын төлөвлөгөөг боловсруулахад салбар салбарын 2,000 гаруй эксперт оролцож, нэг сар хагас орчим хугацааг зарцуулсан байна.

Хуралд оролцсон Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн Урсула фон дер Ляйен сэргээн босголтын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд Украины засгийн газрын шинэчлэл, ил тод байдал, авлигалыг бууруулах амлалт чухал болохыг онцолжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *