Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров гэж хэн бэ?
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров тус тус бараалхана.
“Эрчим хүч, хүмүүнлэгийн салбарт олон улсын тавцан болон бүс нутгийн үйл хэрэг дэх хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал” гэж өмнө нь хоёр орны сайд нар тэмдэглэн ярьж байсныг С.Лавровын айлчлалтай холбогдуулан Оросын Bigasia сайтад мэдээлсэн байна.
ГХЯ-ны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж байгаа ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавров гэж чухам хэн бэ?
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нь 1950 оны гуравдугаар сарын 21-нд Москва хотноо төрсөн, өдгөө 72 настай.
Тэрээр физикийн хичээлд сонирхолтой, физикч болно гэсэн мөрөөдөлтэй байсан ч энэ нь бодит биеллээ олоогүй бөгөөд 1972 онд Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэжээ. Төгсөөд Шри Ланк улсад Элчин сайдын зөвлөхөөр ажиллах болсон байна.
Лавров 1976 онд Москвад эргэн ирж ЗХУ-ын Олон улсын эдийн засгийн харилцааны хэлтэст хоёр, гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллах болжээ. Улмаар 1981 оноос эхлэн Нью-Йорк хотноо байрлах НҮБ-ын ЗХУ-ын төлөөлөгчийн газарт ахлах зөвлөхөөр ажиллаж, энэхүү туршлага нь түүнийг ОХУ-ын НҮБ дахь суурин төлөөлөгч болгоход нөлөөлжээ.
1994 он хүртэл суурин төлөөлөгч цаашид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг ахлах хүртэл дэвшжээ. Ингээд 2004 онд ерөнхийлөгч В.Путин түүнийг ОХУ-ын Гадаад хэргийн сайдын албан тушаалд томилсон. Мөн 2012 онд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Медведев Засгийн газартаа Гадаад хэргийн сайдаар түүнийг авсан байна.
Тэрээр 18 дахь жилдээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд гэсэн албан тушаалыг хашиж байна.
Э.МИШЭЭЛ