Дэлхийн монголчууд эх орондоо 50 га газарт эко төгөл байгуулна

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Sendly Money Transfer”, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-аас гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчуудын төгөл” төслийн шав тавих ёслол маргааш болно. Уг төслийн гол зорилго нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд эх орондоо эко ногоон орчин байгуулахын зэрэгцээ улс, улсын гайхамшигт бүтээлийг нутагшуулж, дэргэдээс нь үзэх боломж бүрдүүлэхийг зорьж байгаагаараа онцлог юм.

Тухайлбал, Япон улсад амьдардаг монголчууд жил бүрийн хавар сакура дэлгэрэхийг үздэг шиг “Дэлхийн Монголчуудын төгөл”-дөө бид хамтдаа сакура цэцэг тарьснаар Монголд амьдарч буй гэр бүл, найз нөхөд бүгдээрээ байгалийн энэ гоёмсог үзэгдлийг хамтдаа бишрэх нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн гадаадад амьдарч буй монголчууд маань уулзаж чадаагүй хайртай дотны хүмүүстээ хүндэтгэл үзүүлэн дурсан санах, мөн үр хойчдоо өвлүүлэн үлдээх дурсгалын модыг хамтдаа тарьж нандин дурсамж, дурдатгал бүтээх боломж олгох юм.

Шав тавих ёслолд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Ү.Оюунзул, “Sendly Money Transfer” санхүүгийн байгууллагын ТУЗ-ийн дарга Б.Наранбат, “Зөвийг Шүгэлдэгчид” ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул, “Монголчууд Америкт” төслийг санаачлагч Г.Галбадрах нар оролцож, төслийг албан ёсоор нээж, санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү төслийг дэмжин Монгол Улсын Филармоны захирал С.Баттулга “Хамаг бүхэн сайхан болно” дуугаараа ая дууны мэндчилгээ өргөв. Ийнхүү дэлхий даяар тархан амьдарч буй монголчууд эх орондоо 50 га газарт эко төгөлтэй болох ховорхон боломж бүрдэж байгааг дуулгахад таатай байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *