“Цагаандэл уул-Өлзий боомт” нээгдэх нь тодорхой болжээ
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг дэвсгэрт “Цагаандэл уул-Өлзий” боомт нээх, 270 км хатуу хучиллтай автозам тавих тухай аль 2014 оноос эхлэн яригдсан билээ. 2014 онд тус боомтыг нээх талаар Засгийн газраас тогтоол ч гарч асуудал нэгэнт шийдэгдэх тийшээ хандсан юм.
Улмаар 2019 онд Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээг байгуулж байв. Тус үйл ажиллагаанд Монгол улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимийн дарга Тиан юунь болон албаны бусад хүмүүс оролцож Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын албаны дарга Сэ Цэн нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэн таатай нь тус боомтыг ӨМӨЗО-ны Алшаа аймгийн 43 тэрбум төгрөгний буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар болж байв. Гэвч “Цагаандэл уул-Өлзий боомт”-ын бүтээн байгуулалтын ажил нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв.
Тогтоол гарсан цагаас эхлэн нутгийн иргэд эсэргүүцэж, хамгийн сүүлд тавдугаар сард төрийн ордны гадна жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Үүний нөгөө талд боомт ашиглалтад орсоноор хоёр улсын хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын эерэг ач холбогдолтойг эдийн засагчид хэлсээр байна. Тэгвэл ерөнхий сайд н.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ Засгийн газрын хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэж түдгэлзүүлэх тухай ярьсан нь олны чих дэлсүүлээд авлаа. Засгийн газарт тэр дундаа Ерөнхий сайдад тогтоолыг түдгэлзүүлэх эрх мэдэл байгаа юу? Санхүүжилт нь шийдэгдсэн, бүтээн байгуулалтын ажил нь эхлэсэн эдийн засгийн өндөр ач холбогдолтой боомтын ажлыг түдгэлзүүлэх болсон цаад шалтгаан нь юу байж болох талаар ч таамаг дэвшүүлэх хүн цөөнгүй байна. Засгийн газар нэгэнт тогтоол гаргаж үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болсон, хоёр улс хоорондыг гэрээ байгуулж санхүүжилтийг бүрэн шийдсэн, гэрээний дагуу шалгарсан компани бүтээн байгуулалтын ажлаа нэгэнт эхлэсэн тул энэ ажил шийдэгдсэн бөгөөд Ерөнхий сайдад түдгэлзүүлэх хууль эрхзүйн үндэслэл ч , эрх мэдэл ч байхгүй. Эдийн засаг уналтад орсон энэ үед боомтыг нээх нь манай улсын хувьд зөв шийдэл болох нь гарцаагүй юм