Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нарын 46 гишүүн “Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулж, өнөөдөр (2022.07.07) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2020 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого болон мэргэжлийн спортын хөгжлийн асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамааруулж, түүнтэй уялдуулан Биеийн тамир, спортын тухай хуульд биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын талаарх зохицуулалтыг тусгасан. Ингэхдээ биеийн тамир, спортын салбарт хамаарах зарим хуулийн холбогдох зохицуулалтыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн нь салбарын үйл ажиллагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуультай хамт 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох заалтыг хүчингүй болгосон нь дээр дурдсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2007 онд соёрхон баталсан “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, Монгол Улс 2005 онд нэгдэн орсон “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-ын хүрээнд ЮНЕСКО-оос болон Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/-аас “Допингийн эсрэг үндэсний зөвлөл” байгуулж ажиллуулахыг зөвлөсөн, түүнчлэн Допингийн эсрэг дүрмийг Засгийн газар баталж мөрдүүлэх, уг дүрмийн дагуу хэрэгжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулахаар тусгагдсан нь Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц болон Копенгагены тунхаглалаар баталгаажин олон улсад хэрэгжиж байдаг, Дэлхийн допингийн эсрэг Коде зөрчилдөж байгаа нь Кодийн 22.8-т “Засгийн газар нь ЮНЕСКО-н конвенцыг үнэлж, батлах, хүлээн авах үйлдлийг хийж чадаагүй буюу ЮНЕСКО-н конвенцыг дагаж мөрдөөгүй нь энэхүү журмын 20.1.8, 20.3.11, 20.6.6 зүйлүүдэд заасанчлан аливаа Үйл ажиллагааны тендерт оролцох эрхгүй болгож болохын зэрэгцээ Дэлхийн допингийн эсрэг агентлагт эзлэх байр сууриа болон албан тушаалаа алдах, улс орондоо аливаа олон улсын тэмцээн уралдаан арга хэмжээг зохион байгуулах тендерт оролцох эрхгүй болох, олон улсын үйл ажиллагаанууд хүчингүй болох, Олимпын журмын дагуу билэг тэмдгийн болон бусад үр дагаврууд үүсч болно” гэсэн заалтын дагуу Монгол улс олон улсын тавцанд Спорт олимпизмын өнөөгийн хүрсэн байр сууриа алдах бодит нөхцөл байдал үүссэн, мөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн итгэмжлэгдсэн лабораторид Монгол Улсын шигшээ багийн тамирчдын допингийн эсрэг хяналттай холбоотой 2020, 2021 оны шинжилгээний төлбөр огт төлөгдөөгүй, 100 гаруй мянган ам.долларын өр үүссэн зэрэг нь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийг байгуулж, үндэсний хэмжээнд  Допингийн хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэх, түүний зардлыг санхүүжүүлэх асуудлыг хуулиар баталгаажуулах, допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульд нарийвчлан тусгах шаардлагыг нөхцөлдүүлж байна.

Иймд Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээ болон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-аар Монгол Улсын хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой эрх зүйн орчныг бий болгож, хуулийн хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан.

Хуулийн төсөлд:

1.Засгийн газар болон допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, олон улсын стандарт, допингийн эсрэг үндэсний дүрэм, бусад бодлогын баримт бичгийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Допингийн эсрэг үндэсний зөвлөл байгуулан ажиллуулахтай холбоотой зохицуулалт;

2.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;

3.Засгийн газар Допингийн эсрэг хяналтын хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх үүрэг хүлээх, биеийн тамир, спортын үйлчилгээний санхүүжилтийг хүн амын тоо, газар зүйн байршилтай уялдуулан тооцох норм, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран баталж, хэрэгжүүлэх;

4.Монгол Улсын нэгдэн орсон “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”, “Спортод сэргээшийн эсрэг Копенгагены тунхаглал”-д нийцүүлэн Допингийн эсрэг байгууллага, түүний үүрэг хариуцлагын талаарх зохицуулалтыг тусгаж, зарим нэр томьёог Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн зохицуулалтад нийцүүлэх зохицуулалтыг тус тус тусгасан.

зураг

 

Энэхүү  төсөлд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Засгийн газраас санал авч, олон нийтээр хэлэлцүүлсэн бөгөөд төслийн хэрэгцээ, шаардлагыг тандан судалж, төслийн үр нөлөө, зардлын тооцоог хийсэн болно хэмээн хууль санаачлагч танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *