Гурван настай хүүхэд шонгийн модонд даруулж нас баржээ
Хөвсгөл аймагт гурван настай хүүхэд шонгийн модонд даруулж амь алджээ. Тодруулбал, тус аймгийн харъяат Г нь энэ оны нэгдүгээр сарын 05-ны өдөр Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад эрчим хүчний тулгуур шонд татсан цахилгааны утсыг татаж, улмаар хашаанд байрлуулсан шонгийн мод хугарч гурван настай А-гийн дээр унаснаас амь алджээ. Улмаар тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож байсан Г-г бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт татан шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Г нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр ийн мэдүүлжээ. Тэрбээр: “Цахилгааны утас хэтэрхий доор байснаас болж ачаанд тээглэж чирэгдсэний улмаас шонгийн мод унаж ийм хэрэг гарсан гэж бодож байна. ” гэжээ.
Гурван настай талийгаач хүүгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр: Гавал, тархи, цээжний хавсарсан битүү гэмтэл болон дух, баруун чамархай, зүүн шилбэнд зулгаралт, баруун шанаа, зулай болон зүүн шилбэ, шагайн үенд зөөлөн эдийн няцралт тогтоогджээ. Энэ нас барахтай ойролцоо цаг хугацаанд мохоо гадаргуутай зүйлээр үүсгэгдсэн байна. Дээрх гавал, тархи, цээжинд хавсарсан битүү гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл гавал, тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт гарчээ.
Улмаас шүүхээс Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр нэг жил таван сарын хугацаагаар тэнссэн харгалзах ялаар шийтгэжээ.
Б.БАЯРТ