Аймгуудын ковид-19 халдварын нөхцөл байдал
Сүүлийн өдрүүдэд манай улсад шинээр илэрч буй коронавирусийн тохиолдол гурван оронтой тоонд шилжсэн. Үүний дийлэнх нь нийслэлд бүртгэгдсэн бол сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн аймгууд шинээр нэмэгдэж байна. Ингээд орон нутаг дахь халдварын тохиолдол, авч буй арга хэмжээтэй танилцуулъя.
Өчигдөр /2021.03.16/ Улаанбаатараас Архангай аймгийн Хайрхан суманд очсон нэг иргэнээс коронавирус илэрсэн. Тус аймгийн Онцгой комиссын захирамжаар энэ сарын 31-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотоос Архангай аймагт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, зөвшөөрөгдснөөс бусад тээврийн хэрэгслээр зорчихыг хоригложээ. Мөн нийтийн тээвэр нь Улаанбаатар-Архангай чиглэлд өдөрт 08:00 цаг, 14:00 цагуудад зорчих хөдөлгөөн хийх бөгөөд халдвар хамгааллын дэглэмийн дагуу зорчих хөдөлгөөн хийх юм байна. Архангай аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол 4 боллоо.Завхан аймгийн хувьд Шилүүстэй суманд энэ сарын 3-ны өдөр коронавирусийн халдварын 2 тохиолдол батлагдсан. Аймгийн Засаг даргын 2021 оны А/97 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг шуурхай ажиллаж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас суманд нь эмчлэхээр шийдвэрлэсэн билээ. ХӨСҮТ-ийн эмч нарын баг, Завхан аймгийн эмч, мэргэжилтнүүд гар нийлэн хамтран ажилласнаар халдвартай хоёр иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Ингэснээр тус аймагт нийт 6 тохиолдолд батлагдаад байна.Харин Хөвсгөл аймгийн тухайд Цэцэрлэг суманд өчигдөр Улаанбаатараас очсон нэг иргэнээс коронавирус илэрсэн гэж мэдээлсэн. Тэгвэл одоогийн байдлаар /2021.03.17/ 9 сорьцод шинжилгээ хийснээс 7-д нь коронавирусийн халдвар илэрсэн байна. Уг шинжилгээг Хөвсгөл аймагт анх удаа хийж буй тул хариуг баталгаажуулахаар Орхон аймгийн Бүсийн оношилгооны төвд дахин нягталжээ. Тандалт, судалгааны ажил үргэлжилсээр байна.