“В.Рэнцэндорж НЭР ХҮНДТЭЙ ХҮН учраас шүүх хурлыг хаалттай явуул” гэжээ

Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө  амиа алдсан хэрэг гараад жил тойрч байна. Энэ хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилсны дараа өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 17-нд Говь-Алтай аймгийн сум дундын анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурал хойшилсон юм.

Учир нь талийгаачийг  аймгийн ЗДТГ-ын байрнаас үүрч гарсан ГБХЗХГ-ын мэргэжилтэн Э.Мэндсайханы өмгөөлөгч Б.Одбаяр өмнө нь энэ шүүхэд захиргааны ажилтан байсан учир ашиг сонирхол үүснэ гэдэг үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзжээ. 

Аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж албан өрөөндөө архидан согтуурч,  өөрийн удирдлагадаа ажиллаж байсан С.Болормааг дуудан ирүүлсний дараа амиа алдсан  нь олон нийтэд эргэлзээ, хардлагыг  үүсгээд  байгаа юм.

Говь-Алтай аймгийн шүүхэд болсон уг хурлыг tsahiur.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ц.Анхзул газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Шүүх хуралдааны явцыг сурвалжлах эрхийг холбогдох газруудаас авсан ч шүүгдэгч, тэдний өмгөөлөгчид хэвлэл мэдээллийг байлцуулахаас эрс татгалзаж шүүх бүрэлдэхүүнд хүсэлт  гаргасан байна.

Тодруулбал, талийгаач руу “Дарга нэг шил юм аваад ир гэнэ”  гэж зурвас бичин улмаар хамт очсон аймгийн ГБХЗХГ-ын  мэргэжилтэн Б.Лхагважаргалын өмгөөлөгч н.Санчирбал хэвлэл мэдээллийг танхимаас гаргахыг шаарджээ.

Тэр ч байтугай В.Рэнцэндоржийн  өмгөөлөгч Д.Одонтунгалаг “В.Рэнцэдорж аймгийн Засаг дарга байсан, нэр хүндтэй хүн. Гэтэл хэвлэл мэдээллээр  гаргаж байна. Хэвлэл мэдээллийг гаргаж, шүүх хурлыг хаалттай явуул” гэх хүсэлт гаргасан  байна.

 

Шүүх хуралд  хохирогчоор талийгаачийн ээж оролцсон бөгөөд шүүх хуралдааныг үндэслэлгүй асуудлаар хойшлуулж, хэвлэл мэдээллийг гаргахыг шаардан, нууцалж байгаад  харамсч буйгаа илэрхийлсэн байна.

Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаярын гаргасан санал үндэслэлгүй гэж үзжээ. Өмгөөлөгчийн тухай шинэ хуульд зааснаар хоёр нөхцөлд өмгөөлөгчийн үйл ажиллагааг хязгаарлах заалт бий. Эхнийх нь тухайн өмгөөлөгч хэргийн хянан шийдвэрлэх явцад ажиллаж байсан бол нөгөөх нь хэргийг шийдвэрлэх эрх зүйн байгууллагад шийдвэр гаргах албан тушаал дээр ажиллаж байсан бол өмгөөлөх эрхийг хязгаарладаг.

Гэтэл Б.Одбаяр өмгөөлөгч уг шүүхийн байгууллагад шүүхийн туслах хийж байсан. Энэ нь шийдвэр гаргах албан тушаалтан биш гэсэн үг. Мөн яг хэзээ ажиллаад, хэзээ ажлаасаа гарсан нь тодорхой биш ямар ч нотлох баримтгүй зүйл  үндэслэн шүүх хурлыг хойшлуулсан гэж үзэж байна.

Хэргийн талаар эргэн сануулбал, Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын мэргэжилтэн Э.Мэндсайхан, Б.Лхагважаргал  нарын гурван хүнийг тус аймгийн ГБХЗХГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө учир битүүлгээр  амиа алдсан С.Болормаагийн үхэлд буруутгаж буй.

Засаг дарга В.Рэнцэндоржийн өрөөнд хүмүүс архи уухад талийгаачийн гар утас руу “Дарга нэг шил юм аваад ир гэж байна” гэсэн зурвас бичээд улмаар хамт очсон хэмээн дээрх газрын мэргэжилтэн Б.Лхагважаргалыг хэрэгт холбогдуулсан бол, мэргэжилтэн Э.Мэндсайханыг талийгаачийг үүрч гаран автомашинд нь суулгасан, улмаар үхэлд хүргэх аюултай байдалд орхисон гэж буруутгаж байгаа  аж.

Ингээд прокуророос Эрүүгийн хуулийн 15.2-2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр буруутган  яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Уг зүйлчлэлийг  дэлгэрүүлбэл,  “…хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хүртэлх  хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

 

 

 

Similar Posts

2 Comments

  1. Хэн 17, 20 жил хилсээр аваад хэн 2-3 жил аваад байдаг юм бэ, хэний хэрэг хилсээр байсан ч хурдан шийдэгдэж шоронд дарамтлуулж хэний хэрэг үл ялих шалтгаанаар хойшлогдож ялаа эдлэхээс зайлсхийх цаг хугацаа хождог юм бэ? Аймгийн засаг даргын хүн амины хэрэг камераас нууц хуралдаж, хилсээр гүтгэгдсэн хүмүүсийнх хоригдож буй камерт нь хүртэл нүцгэлж байгаа бичлэг нь хавийн газраар тарах ёстой юмуу, хүн алахдаа айж ичээгүй байж хэнээс одоо ичих ёстой юм бэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *