Ерөнхийлөгч Чингис хааны хөргийг айл өрх, албан байгууллага бүр хүндэтгэн залах зарлиг буулгалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Эзэнт гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочид оо,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Эцэг тэнгэр хураа хайрлан, эх дэлхий шимээ хүртээж, түмэн олны сэтгэл тэнийсэн, дэлгэр сайхан зун цаг эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Монголчууд бид төрт ёсныхоо энэхүү түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын түүхт 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн, эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн билээ.

Энэхүү баатарлаг түүхийн үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ Төрийн их баяр цэнгэл наадам, өндөр төрийн таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн Үндэсний их баяр наадам бол монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, монгол үндэстний эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, үнэт зүйл, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.

Мөн наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийг Үндэсний их баяр наадмын нээлтийн үеэр уншиж сонордууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 

“Эдүгээгээс 860 жилийн тэртээ дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Тэмүүжин мэндэлж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс уламжлалтай төрт улсаа сэргээн мандуулж, Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсыг байгуулан, Монголын Эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан Эзэн Богд Чингис хаан болон өргөмжлөгдөж, дэлхий дахинд Монголын их амар амгаланг тогтоосон билээ.

Эзэн Богд Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэжээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *