|

Н.Наранбаатар: Наадмын нээлт “БИ ХЭН БЭ” гэдэг асуултаас эхэлсэн

Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулсан Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар нээлтийн ёслолын ажиллагааг ямар агуулгаар найруулсан талаараа сэтгүүлчдэд  дараах ярилцлагыг өглөө.

Тэрээр  “Наадмын нээлт “Би хэн юм бэ? гэсэн асуултаас эхэлж байна. Би бол монгол хүн. Дээл малгайгаа өмссөн, энэ наадамд миний гэр бүл, худ ураг, хамаатан, найз нөхөд, нутаг зон олныхон бүгд ирсэн байна. Бид бол нэг үндэстэн түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг хэлэхийг зорилоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаанд төрийн бүх байгууллагууд, чөлөөт уран бүтээлчид, Зохиолын дуучдын холбоо, рок попын уран бүтээлчид оролцлоо. Энэ жил циркийн үзүүлбэрийг түлхүү оруулсан. Бид монгол циркийн гайхамшигтай сайхан үзүүлбэрүүдийг наадмынхаа үзүүлбэртэй нийлүүлээд хүргэхийг зорьсон.  Бид цаашид ёс суртахууныг яаж эрхэмлэн явах вэ, ёс зүйтэй яаж явах вэ гэсэн анхааруулгыг өгч, Д.Данзанравжаагийн сургаалийг багтаасан.

Хүмүүс наадмын нээлтийг орой хийвэл яасан юм, дэлхийн стандартыг дагая гэдэг. Бидний ялгамж ердөө энэ шүү дээ. Нартай 11 цагт ард түмнээ баярлуулна гэдэг монгол наадмын нээлтийн ялгамж гэж би хувьдаа ойлгодог. Энэ бол бидний онцлог. Нарлаг Монголын наран дор учир зүйгээ олоод үзнэ гэдэг нь гайхамшиг байх.  Хамгийн гол нь түмэн олон маань таашаал авсан бол боллоо” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *