|

ЭХЭМҮТ-ийн поликлиникийн тасгийг аварга О.Хангайн нэрэмжит болгоно

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд Улсын харцага О.Хангай арав давж,  Улсын аварга  цолтон болсон.

Шинэхэн аварга бай  шагналынхаа мөнгийг ЭХЭМҮТ-д хандивлахаа илэрхийлээд байгаа юм.  “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн хувьд улсын их баяр наадмын түрүү бөхийн бай шагналыг есөн жилийн турш олгож байгаа аж. Тэд энэ жил  ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн поликлиникийн тасгийг  засварлан тохижуулж, Улсын аварга О.Хангайн нэрэмжит болгохоор болжээ.

Бай  шагналын мөнгөөр Хүүхдийн амбулаторийн хэсгийн 283.8 м.кв талбайг тохижуулах аж.  Хүлээлгийн хэсэг, хүүхэд саатуулах, хуурайлах хэсгүүдийг тусгайлан бэлтгэж буй бөгөөд ирж буй хүн бүрд зөөлөн дулаан уур амьсгал бүрдүүлэхээр зураг төслийг гаргажээ.

Улсын аварга О.Хангай “Юун түрүүнд энд хуран цугласан болон нийт монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Төрийн их баяр цэнгэл наадамд түрүүлж, түрүү бөхийн бай шагналыг  хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулж байгаад баяртай байна” гэжээ.

Тоёота Сэйлс Монголиа ХХК-н Гүйцэтгэх захирал Ясүо Оүчи “Тоёота зөвхөн аюулгүй автомашин нийлүүлэхээс гадна ирээдүй хойч үе болсон хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээж ажиллаж байна. Бидний саналыг хүлээн авч хамтран ажиллахыг зөвшөөрсөнд маш их баярлалаа” гэлээ.

“Тоёота Мотор Корпорац” нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг бөгөөд үүний гурав дахь үзүүлэлт болох эрүүл мэндийг дэмжих зорилгод үндэслэн ийн шийдвэрлэжээ. Тодруулбал, эрүүл мэндийг дэмжих тэр дундаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах, хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог бууруулах зэрэг зорилтуудад тулгуурлан улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг тус эмнэлгийг сонгожээ.

Хүүхдийн амбулаторийн засварын ажил ид үргэлжилж буй бөгөөд 2022 оны 8 дугаар сарын сүүлээр хүлээлгэн өгөх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *