Зам тээврийн 392 осол бүртгэгдэж, 25 хүн гэмтэж, зургаан хүн нас барлаа
Баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас Нийслэлд 18 хүн, Орон нутагт долоон хүн гэмтэж бэртэж нийт 25 хүн гэмтэж бэртжээ.
Ослын улмаас орон нутагт зургаан хүн нас барсан байна. Эдгээрийн нэг нь хүүхэд байжээ. Нийслэлд:
- Явган зорчигч хэлбэрээр найман хүн гэмтсэнээс, дөрөв нь хүүхэд
- Мөргөлдөх хэлбэрээр дөрвөн хүн
- Мотоциклтой нэг хүүхэд гэмтсэн
- Зорчигч гурван хүн гэмтэж бэртсэн байна.
Харин орон нутагт:
- Мөргөлдөх хэлбэрээр таван хүн гэмтсэнээс нэг хүүхэд гэмтэж, таван хүн нас баржээ.
- Мөн онхолдох хэлбэрээр хоёр хүн гэмтэж, нэг хүн өөд болсон байна.
Сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэхэд, 2022 оны долдугаар сарын 13-ны 11:05 цагт Төв аймаг Баян суманд Х.Саното-8 автомашин Т.Highlander автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч гурван хүн газар дээрээ нас барж, гурван хүн гэмтэж бэртсэн байна. Иймд иргэд та бүхэн орон нутгийн замд хурдаа тохируулж зорчихыг анхааруулж байна.
ТЦА-наас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд холбогдсон тохиолдол ес бүртгэгдсэнээс таван жолооч холбогдож, явганаар дөрвөн хүн зам тээврийн осолд өртсөн байна. Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамрагдан цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажиллаж байгаа аж.
- Иймд наадмын өдрүүдэд орон нутгийн замд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа тул иргэд жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, хэт ядарсан нойр дутуу үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн жолооч биш жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.