Хамтран амьдрагчаа харгисаар зодож хөнөөсөн эрэгтэйд 18 жилийн хорих ял оноожээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхэд оршин суух Э нь хоёрдугаар сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэй Т-тай маргалдаж, биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас аминд нь хүрчээ.

Тодруулбал, түүний биед хүч хэрэглэн халдаж гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний долоодугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн долоодугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амийг нь хөнөөсөн байна.

Тэрбээр цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ: “Би баарнаас гараад салхинд цохиулсан, тасарсан байсан юу болсныг сайн мэдэхгүй. Согтуу хүмүүс сайн явж чадахгүй тэврэлдэж давхралдаж унаж, ойчоод хохирогчид тийм гэмтлүүд учирсан байх. Баарнаас гэр хүртэлх зам өгсүүр, явахад эвгүй, унаж ойчих боломжтой. Хэдэн ч удаа унаж, ойчсон юм билээ. Би өөрөө тасарсан байсан болохоор хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсон байсан гэдгийг мэдэхгүй байна. Би хохирогчтой албан ёсоор гэрлээгүй, бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гээд байгааг ойлгохгүй байна” гэжээ.

Улмаар Э-г “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

О.ЦОЛМОН

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *