|

Гэр бүлээс гадуур хоёр хүүхэдтэй болсон эрэгтэй, эхээс нь нууцаар хүүхдүүдээ гудамжинд хаяжээ

Төв аймгийн харъяат 49 настай, эрэгтэй З нь эхнэр, охины хамт БЗД-ийн 26-р хороонд амьдардаг байна. Тэрбээр 2012 оны есдүгээр сараас эхлэн өөрийгөө ганц бие, эхнэргүй хэмээн худал хэлж, Н гэх бүсгүйтэй танилцан, улмаар хоёр хүүхэдтэй болжээ. 2018 оны нэгдүгээр сард том охин, 2019 оны дөрөвдүгээр сард бага охин нь төрсөн байна. Том охин төрсний дараа З нь Говь-Алтай аймагт руу Н-ын аав, ээжтэй танилцахаар очиж, улмаар Н болон хоёр хүүхдээ хотод авчирч, “Виви Сити” хотхонд хоёр өрөө байр түрээслэн амьдруулж эхэлжээ. Өөрийгөө хөдөө ажилладаг хэмээн хэлж, ихэнх хугацаанд гэртээ байдаггүй байсан байна.

Гэвч Н өөрийн нөхөр гэж итгэсэн З-г эхнэр, хүүхэдтэй болохыг нь мэдэж, дээрх асуудлын улмаас маргалдан хоёр тийш болжээ. Удалгүй Н-ийн түрээслэн амьдарч байсан байрны түрээсийн хугацаа дуусаж, ажил хийж мөнгө олохын тулд хүүхдүүдээ түр хугацаанд төрсөн эцэгт нь харуулахаар З-гийн хууль ёсны эхнэр, хүүхдүүдийн амьдардаг гэрт үлдээсэн байна.

Гэтэл З нь өөрийн хууль ёсны эхнэрээс төрсөн охин болох 26 настай М-гийн ятгалгаар өөрийн төрсөн хүүхдүүд болох 03 нас 16 хоногтой С, 1 нас 09 cap 10 хоногтой Н нарыг 2021 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр 14:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгад хаяад явжээ.

Ингэхдээ З-ийн охин М хүүхдүүдийн эх рүү “Хоёр хүүхдийг чинь гаргаж хаялаа шүү. Хөлдөөж ална шүү. Хоёр зулбасагаа ирж ав гичий минь, асрамжийн газарт өглөө” гэх зэргээр дарамталж, хүүхдүүдийг хаяад явсан байна.

Н мэдүүлэгтээ“…Би 2011 онд оюутан болоод Улаанбаатар хотод ирж байсан. 2011 оны 10 дугаар сард З-тэй танилцсан. Надтай танилцахдаа өөрийгөө Батхүү гэж танилцуулж, 3 настай хүүтэй, манай хүү АНУ-д амьдардаг гэж хэлж байсан. 2012 оноос хойш бид хоёр уулзаж эхэлсэн. 2017 онд би жирэмсэн болж, тухайн оны 11 дүгээр сарын 09-ний өдөр З-тэй хамт Говь-Алтай аймагт амьдардаг манай аав, ээж хоёртой танилцсан. 2018 оны нэгдүгээр сард манай том охин төрөхөд З, Говь-алтай аймагт ирж, манай ах, дүү нартай шинэ хүүхдийн цайллага хийж, охиндоо нэр өгсөн. Тэгээд 2018 оны гуравдугаар сард З бид хоёрыг Улаанбаатар хотод авчирч, “Вива сити” хотхонд хоёр өрөө байр түрээслэж өгсөн. З бид хоёртой хамт амьдарч байсан боловч ихэвчлэн хөдөө ажлаар явдаг байсан…” гэжээ.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаа ярьж, “Танай хүүхдүүдийг гадаа орхиж явсан байна, та ирж уулзах шаардлагатай” гэж хэлэхээр нь би шоконд орсон. Ингээд хүүхдүүдээ хамгаалах байрнаас авсан. Намайг үзэн ядаж болно. Гэхдээ төрсөн эцэг нь байж учраа мэдэхгүй, шатаар ч явж чадахгүй хоёр хүүхдийг хаясанд гомдолтой байна” гэжээ.

Харин З: “Би хоёр хүүхдээ гэрт байхад манай охины хүүхэдтэй нийлээд гурван хүүхдийг асарч халамжлаад, дээл хувцсыг нь угааж, хоол унд хийж өгөөд хааяа эхнэртээ загнуулсан байдалтай байсан. Манай эхнэрийн хувьд сэтгэл зүйн дарамттай байсан нь мэдээж хэрэг. Би хүүхдүүдийг өдөрт гурван удаа хооллож байсан. Намайг хүүхдүүдээ хаясан гэж яллаж байгаад гайхаж байна…” гэжээ.

Шүүхээс шүүгдэгч З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
suheenee
suheenee
1 year ago

yawch ch eruul bish hun bna bas dawhar shar hadand hewtuuleh heregtei