Шатахуун дутуу шахаж байна гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийжээ
“Чулуун овооны Петровис ШТС-аас АИ-92 автобензин худалдан авахад хий шахсан. 45 л ордог банкинд 48 л бензин орсон” гэх иргэний гомдол болон нийгмийн цахим сүлжээнд шатахууны шахалттай холбоотой гомдлын дагуу ШӨХТГ хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Петровис ШТС-23”, 11 дүгээр хороонд байрлах “Тэс петролиум ШТС-91”, 12 дугаар хороонд байрлах “МТ ШТС-14”, “Жаст ойл ШТС-11”, “Шунхлай ШТС-14”, Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “МТ ШТС-152” шатахуун түгээх станцуудыг хамруулсан байна. Шалгалтаар шатахууныг дутуу шахаж байсан зөрчил илрээгүй, лац хөндөгдөөгүй байсныг ШӨХТГ-асс мэдэгдлээ.
Харин зарим шатахуун түгээх газруудын хувьд гомдол маргааныг газар дээр нь шуурхай шийдвэрлэхэд хэрэглэх хэмжилтийн сав байхгүй, дотоод хяналтын баг ирэхийг хүлээж цаг алдах нөхцөл байдал үүсдэг аж. Иймээс ШӨХТГ-аас шатахуун түгээх газрууд хэмжилтийн сав тогтмол байлгах, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх талаар дотоод хяналтын журмаа сайжруулах, дотоод хяналтыг тогтмол хийж байх талаар албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн иргэд хэрэглэгчдэд шатахууны шахалттай холбоотой эргэлзээтэй асуудал гарсан тохиолдолд тухайн ШТС-аас хэмжилтийн сав буюу мерникээр газар дээр нь хэмжиж шалгахыг шаардах хэрэгтэй гэдгийг тус байгууллагаас анхаарууллаа.