“Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хуульд тусгана”

Хаврын ээлжит чуулган завсарлахын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг УИХ-ын чуулганд танилцуулсан.

Тэрээр төлбөрт таавар, бооцоот тоглоом, хонжворт сугалаа, бооцоот морин уралдаан, казиногийн үйл ажиллагааг зохицуулах хуулийн төслийг багцаар нь боловсруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн юм.

Тухайлбал, 2021 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд бооцоот тоглоомын вэбсайтад хандаж, бооцоо тавьдаг хэрэглэгчдийн тоо 100 мянга давсан бөгөөд үүнээс идэвхтэй хэрэглэгчдийн тоо 15,000-20,000 байна гэсэн албан бус судалгаа байна. Мөн тус албан бус судалгаагаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй агент буюу зуучлагч байна гэсэн бөгөөд эдгээр агентаар дамжин Монгол Улсаас гарч байгаа мөнгө нь нэг сард 10 тэрбум төгрөгт хүрээд байгаа аж.

Иймд цахим орчин дахь хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаатай тэмцэх, нэгэнт эрчээ авсан бооцоот тоглоомын бизнесийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах, олсон орлогодоо татвар төлдөг байх зэргийг нэн тэргүүнд зохицуулах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар онцолсон.

Түүнчлэн казиногоос болж нийгэмд үүсэж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх үүднээс Монгол Улсын иргэн болон насанд хүрээгүй хүнийг казиногийн тоглоом тоглуулахгүй, казиногийн байгууламжид нэвтрүүлэхгүй байхаар, харин аялал жуулчлалыг дэмжих, иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх газрын сонголтыг нэмэхэд эерэг нөлөө үзүүлэх казиногийн цогцолбор дахь (казиногийн байгууламжаас бусад хэcэг) үзвэр, үйлчилгээний газруудаар насанд хүрээгүй хүн, Монгол Улсын иргэн үйлчлүүлэхэд хязгаарлалтгүй байх зохицуулалтыг тусгахаар төлөвлөж байна.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан цөөн тооны хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болж, Монгол Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэн, аялал жуулчлалын салбар болон түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна” хэмээсэн юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *