Хоёр настай хүүхдийн хоолойн ангина өвчнийг буруу эмчилснээс хүүхэд энджээ
Борнуур сумын эрүүл мэндийн газарт их эмч хийдэг Б нь 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хоёр ой, гурван сартай хүү Э-гийн биед үзлэг хийж, оношлохдоо эмнэлгийн тусламж үзүүлэхдээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эл өдрийнхөө 18 цаг 55 минутад хүү Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвд нас баржээ. Улмаар Борнуур сумын эрүүл мэндийн төвийн сувилагч М, болон их эмч Б нарыг эмнэлгийн тусламжийг зохих ёсоор хийгээгүй нь хүүгийн үхэх шалтгааны нэг болсон хэмээх үндэслэлээр хэрэгт татан шалгасан байна.
“Хүүхэд эмнэлгийн орон дээрээ дээшээ харсан байдалтай, нумарч татсан. Ам хамраас нь цагаан хөөс гарсан байдалтай байжээ. Улмаар хүүг сувилагчийн өрөө рүү оруулаад, хүчилтөрөгч залгаад шаардлагатай эмчилгээг хийхэд хүүхэд маш хүнд байсан аж. Хүүхдийн цээжинд зүрхний массаж хийсэн боловч хүүхэд нас баржээ. Тухайн үед эмнэлэгт таталт тавиулах, тархинд цус харвахаас сэргийлэхэд шаардлагатай эм буюу диазепам (седуксен) эмнэлэгт байгаагүй тул магни сульфатаар орлуулж булчинд тарьсан нь таталтыг тавиулаагүй, хүүхэд эндсэн хэмээн дүгнэжээ.
Талийгаач хүүгийн ээж мэдүүлэгтээ:
“..2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр болсон хэрэг. Манай хүүхэд 2 ой 3 сартай цэцэрлэгт явж байсан. 10 дугаар сарын 09-ны өдөр цэцэрлэгтээ явсан. Тэгээд 2 хоногийн дараа бурхан болсон. Хоолой нь өвдөж халуурсан тиймэрхүү оноштой байсан. Өглөө нь эмнэлэгт дуудлага өгөөд эмч ирээд хэвтэх шаардлагатай гээд эмнэлэг явсан. 10 цаг 30 минутын үед эмнэлэг дээр очсон. Хийгдсэн эмчилгээ нь цагийн тариа, дусал хоёроос өөр эмчилгээ хийгдээгүй. Орой нь халуураад уйлж байгаад зүрх нь зогссон. Над руу хүүхдийн чинь бие нь муудаад байна гээд залгаад тэгээд намайг ирэхэд нас барсан байсан. Задлан хийхдээ хүртэл надад хэлээгүй. Аав нь хөдөөнөөс ирээд “нэг үнсчихье” гээд би дагуулаад очсон чинь аль хэдийн задлан хийсэн байсан. Тэрийг надад мэдэгдээгүй. Би эхнээсэээ авхуулаад дуусан дуустал сэтгэл дутсан гэж боддог. Маш их гомдолтой байна. Сэтгэл дутсан хайнга хандсан. Үр хүүхдээ алдсан байхад хэдэн төгрөг өгсөн болоод салчихна гэсэн тийм сэтгэлээр битгий хандаасай. Хуулийн дагуу хариуцлагыг нь хүлээлгэж өгөөсэй гэж бодож байна. Эрхлэгчийг цагаатгасанд би маш их гомдолтой байна. Байгууллага удирдаж яваа хүн бол хамтдаа хариуцлага хүлээх ёстой…гэжээ.
Хүүхдийн анх үзсэн эмч “Хоёр настай, эрэгтэй Э нь ханиалгана, хоолой өвдөнө” гэдэг дуудлага өгсөн. Намайг гэрт нь очиж үзлэг хийхэд хүүхэд тоглоод гүйгээд явж байсан. Халуун нь 36,5-тай. Хүчилтөрөгч 93, фульс нь судасны дүүргэлт хангалттай. Цээж гайгүй. Хоолой нь бага зэрэг идээлсэн байсныг гүйлсэн булчирхайн идээт үрэвсэл гэсэн онош тавиад, эмийн эмчилгээ бичиж өгөөд, зөвлөөд явсан. Дахин дуудлага ирээгүй. Маргааш өглөө нь 09 цаг 10 минутад дараагийн эмч Мт ажлаа хүлээлгэж өгөөд буусан. Тэгээд 11-ний орой нас барсан тухай сонссон.
Улмаар шүүхээс Төв аймгийн Борнуур сумын эрүүл мэндийн төвийн эмч Б, сувилагч М-ыг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, мөн зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нарс барсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эмчлэх эрхийг 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.