“Баяраа хэтрүүлээд, шартчихсан байна” хэмээн үзэхээс татгалзсанаар хүн нас баржээ
… аймгийн сумын эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч О, эх баригч Б нар нь 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр 13:00 цагийн орчим жирэмсэн эмэгтэй цус алдаад байна гэсэн дуудлагыг хүлээн авч, уг дуудлагын дагуу аймгийн сумын Мандаат багийн нутаг дэвсгэрт хаваржиж байсан жирэмсэн эмэгтэйн гэрт Т-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор очжээ.
Ийн гэрт очиход гэрийн зүүн талын орон дээр унтсан байдалтай байсан ба талийгаач бусадтай ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй, О, Б нарыг Т-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед өндийж бөөлжжээ. Улмаар түүнийг бөөлжсөндөө хахахаас сэргийлж хажуулдуулан хэвтүүлсэн байна.
Тухайн үед Т талийгаачийн бие тааруу байгааг хэлж, биеийг нь үзэж өгөхийг хүсэхэд Б, О нар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж, “Баяраа хэтрүүлээд согтчихжээ, шартаж байгаа юм” гээд жирэмсэн эмэгтэй Т-г эмнэлгийн байгууллагад хүргэхээр явжээ. Ийнхүү талийгаач эмч нарыг явсны дараа 20 цаг 45 минутаас 21 цагийн үед артерийн даралт ихсэх өвчний улмаас нас барсан аж.
Улмаар шүүхээс эмч О, Б нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус буруутай гэж үзжээ. Ийнхүү:
- Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оюунтунгалагийн эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б-ийн эх барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар.
- Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О оногдуулсан эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Ч.Батдэлгэрт оногдуулсан эх барих мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг оноожээ.