СУРВАЛЖИЛГА: Цалин хангалтгүй, ажиллах нөхцөл хүнд учир залуус цагийн ажлаас ЗУГТАЖ БАЙНА
Хичээл сургууль амарч, зуны урт амралт эхэлснээс хойш хэдийн нэг сарыг үджээ. Наадмын дараа намар гэдэг шиг баяр наадмын уур амьсгал өндөрлөсний дараа амралт, зугаалга дуусах болсныг сануулав. Үүнтэй зэрэгцэн ЕБС-ийн сурагчид болон Их дээд сургуулийн оюутнууд хэрэглээний зардал, сургалтын төлбөртөө нэмэр болохоор цагийн ажлын эрэлд гардаг. Тэгвэл оюутан залуусын цалин хөлсний үнэлгээ, ажлын байрны нөхцөл ямар вэ, тэдэнд ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ гэсэн асуултад хариулт хайлаа.
-“CU” СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТАН: ЦАГИЙН АЖИЛТАН УЧИР ЦАЛИН БАГА АВДАГ-
Нийслэлд борооны дараах мөөг шиг олон болсон CU дэлгүүр оюутан залууст үүд хаалгаа үргэлж нээлттэй байлгадгаараа алдартай. Тиймээс ч хамгийн түрүүнд CU-гээр зочиллоо. СU дэлгүүрийн ажилтан С.Энхзол ийн ярив. Тэрбээр:
“Би намар гуравдугаар курстээ дэвшин суралцах оюутан. Энэ зуны амралтаараа CU-д ажиллаж байна. Эхлээд анкет бөглөөд хүлээлэгт ороод өөрийн ажиллах хүсэлтэй салбарт нь орон тоо гарахыг хүлээдэг. Цагийн ажилтан болохоор цалин бага авдаг. Цагийн хөлс нь 3500 төгрөг, унааны мөнгө өдөрт 2000 төгрөг. Мөн байгууллагаас хоол өгдөг. Сарын сүүлд цалингаас 20 хувийн шимтгэл авдаг. Долоо хоногт таван өдрөөр, өдрийн 8 цаг ажиллавал сард 560,000 төгрөгийн цалинтай үүнээс шимтгэл хасагдаад 448,000 төгрөгийг гар дээр авна. Сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад хэд дахин нугалсан цалин авна гэж найддаг” гэв.
-ХҮҮХДИЙН ПАРКЫН АЖИЛТАН: ЦАЛИН ӨНДӨР, ӨДӨРТ 50-60 МЯНГАН ТӨГРӨГИЙГ АВДАГ-
Дараагийн газар нь зуны гурван сарын хугацаанд олны хөлд дарагдаж, хөөр баяслаар дүүрэн байдаг Үндэсний соёл амралтын хүрээлэн юм. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тоглоомын ажилтан А.Нарангэрэл:
“Парк-т ажилд ороод хоёр сар болж байгаа. Намар төгсөх курстээ орох болохоор хонхны баяр энэ тэр гээд зардал их гарна. Одооноос л зав гарч байгаа дээр сайн ажилламаар байна. Одоогоор надтай адил 30-40 ажилтан тоглоом дээр ажиллаж байна. Ажилд авахдаа 18 нас хүрсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг болохоор ЕБС-ийн сурагчид ажиллах боломжгүй. Манай ажил цалин сайтай шүү. Өдөрт 50-60 мянган төгрөгийн цалинтай. Дээр нь өдрийн хоолны мөнгө 5000 төгрөг, унааны мөнгө 5000 төгрөг өгдөг. Орой 21 цаг өнгөртөл ажиллавал унааны мөнгө 10000 төгрөг болдог. Цалин сайтай ч, өдөр бүр л ажилтнууд нь солигдож байдаг. Ачаалал ихтэй болохоор заримд нь ажиллах хэцүү санагдаад шантардаг байх. Хааяа миний буруу биш байхад нулимсаа цийлгэнэтэл загнуулна. Ер нь тэгээд олон үйлчлүүлэгчтэй болохоор их юм болно доо” гэв.
-СҮҮН ЗАЙРМАГНЫ ХУДАЛДАГЧ: ӨДӨРТ ЗАРСАН НИЙТ ЗАЙРМАГНЫХАА 5%-ИЙГ АВДАГ-
Халуунд зайрмаг идэн сэрүүцэнгээ худалдагч охиноос ажлынхан талаар хэдэн зүйл асуув. Зайрмагийн худалдагч Ж.Номин:
“Би бусад оюутнуудын адил зуны амралтаараа зүгээр суулгүй хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хэдэн өдөр ажлын зараар ажил хайж байгаад сүүн зайрмагийн мухлагт ажиллах болсон. Өглөө 10 цагаас орой 21 цаг хүртэл ажилладаг. Өдөрт олсон нийт орлогынхоо таван хувийг авдаг. Миний ажиллаж байгаа салбар хүн багатай. Өдөрт 700-800 ширхэг зайрмаг зарж чаддаг. Зарим хүн сайтай газар өдөрт хэдэн мянгаараа зарагддаг. Өөрөө ажиллах салбараа сонгож чадахгүй болохоор цаанаас нь сонгож өгсөн газарт нь ажиллана. Сүүн зайрмагийн мухлаг хаа хаашаагаа нэг алхмын зайтай давчуу зайтай учир хөдөлгөөнгүй шахуу өнждөг. Хүн ирвэл босож зайрмаг хийж өгөөд л болоо. Бие засах хэрэгтэй үедээ ойрхон худалдааны төв, дэлгүүрт гуйж орно. Бусад ажил шиг цайны цаггүй болохоор өөрөө зохицуулаад л хоол ундаа болгочихдог. Бас зоргоороо өлссөн эсвэл бие засмаар үедээ мухлагаа хаагаад орхиж болохгүй” гэв.
-GS25 ДЭЛГҮҮРИЙН АЖИЛТАН С.БАДРАЛ: ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТ АЖИЛЛАХ ХҮСЭЭД БАЙХ ЗҮЙЛ БИШ-
GS25 дэлгүүрийн TOP үйлчлүүлэгч цолыг авахаар л өдөр болгон ордог болохоор уламжлал ёсоор өнөөдөр ч бас орж өдрийн хоолоо болгов. Энэ хоорондоо дэлгүүрийн ажилтан С.Бадралтай ярилцав.
“Залуу насандаа найдаж шөнийн ээлжид хэдэн сар ажиллаж нойроо хугасалж байгаадаа хааяа харамсдаг шүү. Хэдэн өдрийн нойр, хоол яах вэ гэсээр эрүүл мэндээрээ хохирч байгаагаа ойлгохгүй маш олон залуус бий. Цагийн ажлын хөлс бага учраас хэд хэдэн ажил давхар хийх хэрэгтэй. Өдрийн цагаар ресторанд зөөгч хийж, орой нь GS25-д ажилладаг. Сургуулиа төгсөөгүй болохоор иймэрхүү байдлаар л өөрийгөө болгоод байна. Залуу хүмүүсийг ажил голж шилээд ажиллахгүй байна гээд байдаг ч нэг үеэ бодвол ихэнх оюутан залуус цагийн ажлаар хэрэглээгээ болгож байна. Гэхдээ бид нарыг хүн биш юм шиг харьцах үйлчлүүлэгчид байж л байдаг. Үйлчилгээний газарт ажиллах нээх хүсээд байх зүйл биш шүү. Мөнгө хэрэгтэй болоод л ажиллаж байгаагаас сураад байх зүйл ч хомс доо. Үйлчлүүлэгч ихтэй болохоор хүний эв л олж сурах байх” гэлээ.
-МАШИН УГААЛГЫН ГАЗРЫН АЖИЛТАН Т.ТҮВШИН: ӨДӨРЖИН ЧИЙГТЭЙ ГАЗАР ЗОГСООГООРОО АЖИЛЛААД БӨӨР МИНЬ ӨВДДӨГ БОЛСОН-
Цагийн ажлын заруудыг гүйлгэж харангаа залуусыг ихэнхдээ ямар газар, хаана ажиллаж байгааг харахад автомашин угаалгын газарт эрэгтэй эмэгтэй хамаагүй ажилд авна цалин тохиролцоно гэсэн зар олон байх аж. Замдаа таарсан нэгэн угаалгын газарт явган ороход урдаас гарч ирсэн залуу “ямар машин угаалгах вэ машинаа оруулаад ирээрэй” гэв. Хариуд нь “машин хэдээр угаадаг вэ” гэж бидний яриа эхлэв.
“Машин угаалгын газар жижиг машиныг 35 мянга, дунд нь 45 мянга, том нь 50 мянган төгрөгөөр угаадаг. Миний өдрийн цалин нэг машины үнэ болдог. Болдог бол хувийн угаалгын газартай бол мөнгийг ч баруун солгойгүй олох байх даа гэж мөрөөддөг юм. би өглөө 09 цагаас 23 цаг хүртэл ажилладаг. Сардаа 1-1.5 саяыг олно. Хүмүүс бөөрөө зарж баяжна гэж тоглоом шоглоомоор ярьдаг шиг би бөөрөө зарж л мөнгө олж байгаа хүн дээ. Өдөржин чийгтэй газар, зогсоогоороо ажилласаар бөөр минь өвддөг болсон. Залуу хүн өвддөггүй гэж хэн хэлсэн юм бэ тэ. Болж өгвөл ийм орчин нөхцөлд битгий ажиллаарай” гэв.
Ажилгүй байгаа иргэдийн дийлэнх нь ид хөдөлмөрийн насны 25-34 насны залуучууд байх мөртлөө тэд яагаад ажил хийхгүй байна вэ? Тэд ажлын байр, цалингаа голоод байна уу? эсвэл тэдний эзэмшсэн мэргэжил сул байгаа ажлын байртай нийцэхгүй байна уу? Гэх олон асуулт иргэдийн мэтгэлцээний сэдэв болдог. Харин өнөөдөр Нийслэл хотоор цагийн ажил хийдэг хэдэн оюутан залуустай уулзаад нийгэм тэднийг хэрхэн үнэлж байгаа нь илт байв. Сурч боловсрох орчин нөхцөл, цагийн хуваарь гэх мэт олон хөндөгдөх асуудлууд байв. Ажил хийхгүй байна, өдөрт 40-60 мянгаар ажиллах ажилтан олдохгүй байна гээд байгаа ажил олгогч нарын увиагүй шунал нь дийлдэхгүй, цалингаа цагтаа амласнаараа өгдөггүй, ажиллах таатай орчин нөхцөлгүй гэх асуудлууд залуусын ажиллах хүслийг няцааж, урмыг нь хугалж байна уу аль эсвэл үйлчлэгч бол “ХААН” гэх сэтгэхүйтэй үйлчлүүлэгч нарын харилцаа хандлага тэднийг мохоож байна уу?
Ж.ХАЛИУН
*зугтаж