О.Билэгсайхан: Би номын санч болохыг багаасаа мөрөөдөж, түүнийгээ биелүүлж чадсан
Үндэсний номын сангийн Нийтийн уншлагын танхимын номын санч Олзбаатарын Билэгсайхантай ярилцлаа.
–Амралтын өдрүүдэд уншлагын танхим дүүрэн байхад бахдах сэтгэл төрдөг-
-Яагаад номын санч мэргэжлийг сонгосон бэ. Дунд сургуульд байхдаа хэд хэдэн мэргэжил сонгочихсон байсан байх?
-Дунд сургуульд байхад хүүхдүүд хоёр, гурван мэргэжил сонголт хийчихсэн, хоорондоо ярилцдаг байсан. Харин би хайж хайж номын санч гэдэг мэргэжил байдгийг олж мэдсэн. Тэгээд бодсоны эцэст номын санч болно гэдэгтээ шийдчихсэн нийгмийн ухааны шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Энэ талаар багшдаа хэлэхэд ганцхан нийгэм гэхээр ядаж монгол хэлээр шалгалт өгөөрэй гэж зөвлөсөн. Тэгээд хоёр хичээлээр шалгалт өгөөд хүссэн ангиа авч байсан. Шалгалтын дараа багш дуудаад миний хүү яг хүссэн ангиа авлаа даа, сайн сураарай гэж байсан.
-Номын санчийн бахархал нь юундаа байдаг вэ?
-Номын сан бол зөв энергитэй газар. Энд тэндээс ирж байгаа үйлчлүүлэгчид сурч, мэдье гэсэн хүсэл эрмэлзэлтэй ирдэг. Номын сангаас эрж хайсан, сурч мэдэх гэсэн зүйлээ олж аваад мэдлэгтэй болоод гардаг. Сөрөг энергигүй газар. Сүүлийн үед залуус хэл, түүх, уран зохиол, хууль, эдийн засгийн чиглэлийн номуудыг түлхүү авч уншиж байгаа ажиглагддаг. Номын санчийн бахархал энэ бүгдийг ойроос харж, мэдэрч байдагт байдаг болов уу.
-Өөрийнхөө ажилладаг танхимын талаар бидэнд танилцуулаач?
-Манай танхимыг Нийтийн уншлагын танхим гэж явдаг. Магистраас доош түвшний, голдуу оюутнууд үйлчлүүлдэг. Номын сангийн барилга 1951 онд баригдсан барилга шүү дээ. 70 гаран жил болж байна. Хэдэн уншигч ирж үйлчлүүлж эрдэм мэдлэгтэй болоод гарсан бэ гэвэл их тоо гарна. Одоо их, дээд сургуулиуд өөрсдийн гэсэн том номын сантай болчихсон. Тиймээс яг одоо сүртэй дараалал алга. Гэхдээ 1990-ээд он, 2000-аад оны эхэн үед уншлагын танхим дүүрчхээд, үүдэнд хүмүүс дарааллаа хүлээгээд сууж байсан гэдэг. Манай номын сан өвлийн хуваарийн дагуу амралтын өдрүүдэд ажилладаг. Амралтын өдрүүдэд уншлагын танхим дүүрэн байхад бахдах сэтгэл төрдөг.
– Номын сангаас насан туршийн боловсролыг авч болно-
-Номын санч гэхээр ганц л зүйл хийдэг хүн төсөөлөгдөөд байдаг?
-Мэргэшсэн номын санчид байдаг. Манай номын сан гэхэд 5, 6 хэлтэстэй. Ном зүйч, каталогч, сан хөмрөгч, гадаад солилцооны номын санч, цаасан болон цахим ном бүрдүүлэгч, уншигчидтай харьцдаг номын санч гээд өөр өөрийн гэсэн үүрэгтэй номын санчид байдаг.
-Сонирхолтой, содон үйлчлүүлэгч байдаг байх?
-Байдаг шүү. Манай номын санг Сталины нэрэмжит байх үед уншигчийн үнэмлэх нээлгэснээс хойш үйлчлүүлж байгаа Даваасүрэн гээд эгч байна. Тэр эгч хэдий тэтгэвэрт гарсан ч монгол бичиг, англи хэл сурна гээд байнга ирдэг. Өглөө ирээд номоо авч уншаад, тэмдэглэх юм аа тэмдэглэж аваад явдаг. Салхи шуургатай, цас бороотойд ч ирдэг ахмад уншигчид байгаа.
-Номын сангийн давуу тал нь энэ гэж ойлгож болох уу. Ямар ч үед, ямар ч насны хүн ирээд мэдлэг авч болно?
-Номын сангийн давуу тал мөн шүү. Хүн насан туршдаа суралцдаг гэдэг шүү дээ. Нэг их сургууль төгслөө гэхэд бүх зүйлийг мэддэг, төгс чадвартай хүн болчихгүй. Цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахад номын сан чухал гэдгийн баталгаа нь энэ гэж боддог. Их сургуулиа төгсгөөд хүмүүс ерөнхийдөө ном, сэтгүүлээс хөндийрөх тийшээ ханддаг. Тэр үед номын сангаар үйлчлүүлээд явчих юм бол насан туршийн боловсролыг авч болно.
-Нэр байхгүй, зохиогч байхгүй, бараг өнгөөр нь хайх гээд байгаа юм уу-
-Номын санч уншигчдаа зөвлөдөг, тусалдаг, ямар ном хэрэгтэйг нь ойлгодог хүн гэж боддог?
-Шинэ уншигчид “Би нэг тийм юм хайгаад байгаа юм аа, ямар ном уншвал зүгээр вэ” эсвэл “тийм шалгалтад орох гэж байгаа, ямар ном үзвэл зүгээр вэ надад зөвлөөч” гэж их асуудаг. Тэгэхээр нь энэ номыг үзвэл ийм агуулгатай, энэ ном дээр байхгүй бол тэр номыг үзээрэй, каталогоос ийм түлхүүр үгээр хайвал хэрэгтэй номууд чинь гарч ирнэ шүү гэдэг.
-Хөгжилтэй гэмээр зүйлсээс хуваалцвал?
-Уншлагад байнга гардаг ном бараг танил хүн шиг болчихдог. Дотор нь ийм ийм юм байгаа. Энэ номыг иймэрхүү насны, иймэрхүү мэргэжилтэй хүмүүс түлхүү сонгож уншдаг даа гээд бүр мэддэг болчихсон байдаг. Зарим оюутнууд чинь их гоё. Хэн багшийн цэнхэр ном гэдэг. Нэр байхгүй, зохиогч байхгүй, бараг өнгөөр нь хайх гээд байгаа юм уу. Тэгж хэлэнгүүт номын агуулгын тухай яриад, тэр ном уу гэхээр “өө тийн” гээд бараг номыг өнгөөр ойлголцоно шүү дээ. Тиймэрхүү хөгжилтэй зүйл их байдаг.
-Номын санч гэсэн мэргэжлийг нийгэм хэрхэн хүлээж авдаг вэ?
-Сүүлийн үед нийгэмд манай мэргэжлийг үнэлэх үнэлэмж дээшилж байна гэж бодож байгаа. Яагаад гэхээр байгууллагууд мэргэжлийн номын санч авч ажиллуулъя гэсэн хандлагатай болсон. Номын сангийн удирдлагууд мэргэжлийн номын санчтай байх нь зөв гэж ойлгодог болчихсон. Уншигчид ч тэр мэргэжлийн номын санчаас заавар, зөвлөгөө аваад явах хэрэгтэй гэдгийг ойлгочихсон харагддаг.
-Сүүлд ямар ном уншив?
-Сүүлд гэвэл, ер нь номын сангийн номуудаа уншдаг. Тэр дундаа О.Цэнд-Аюуш гуайн номын санд байгаа хэдийг уншаад дуусгасан. Одоо уншаагүй хоёр номыг олж авах санаатай байна.
-Номын сангаа танилцуулж, дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.