Л.Энх-Амгалан: Хөдөлгөөн сааруулахын тулд ЕБС, цэцэрлэг, оюутнуудын хичээлийг үе шаттай эхлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
“Ирэх хичээлийн шинэ жилд шинээр 50 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэнэ. Гурван ээлжийн сургуулийг хоёр ээлжид оруулахаар зорьж байна. Гурван ээлжид орж болзошгүй 12 сургуулийн 12 мянган хүүхдийн талыг буюу 6510 хүүхдийг түрээсийн байраар шийдэж, хоёр ээлжид оруулна.
Улсын хэмжээнд 36 сургууль, 37 цэцэрлэг, долоон дотуур байрыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ирэх хичээлийн жилд хөдөлгөөнийг сааруулах үүднээс бүх их дээд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар эхлүүлнэ. 1,2-р курсын оюутнуудыг орон нутгийн төрийн өмчит сургуулиудад суралцах нөхцөлийг бүрдүүлнэ.
Энэ жил нийт 30 мянган оюутан их, дээд сургуульд элсэнэ. Цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 10-ны дотор багтаан эцэслэнэ” гэв.