СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавьж од болгоно” хэмээн заналхийлжээ
Баянхонгор аймгийн иргэн О бусдын халдашгүй чөлөөтэй байх эрх, нэр төр, алдар хүндэд санаатай халдан, насанд хүрээгүй хохирогчийг “Дотуур байрныхаа нэг бандитай унт. Унтаж байгаа бичлэгээ харуул. Тэгэхгүй бол нүцгэн зургийг чинь фейсбүүкт тавьж од болгоно” хэмээн нүцгэн зургийг олон нийтэд тараахаар сүрдүүлэн заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тухайн иргэн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ: “Би нэг охинтой фейсбүүкээр танилцсан. Тэгээд чат бичдэг болоод удалгүй үерхэж эхэлсэн. Гэхдээ уулзаж байгаагүй. Үерхэж байх хугацаандаа найз охин маань өөр хүнтэй харьцаад байхаар нь миний уур хүрээд түүнтэй маргалдсан. Ингээд буцаад 2-3 хоногийн дараа эвлэрсэн.
Би найз охиндоо “Биеийг чинь нүцгэнээр хармаар байна”, “Цээж хэсгийнхээ зургийг явуул” гэж хэлэхэд татгалзсан. Тэгэхээр нь “Явуул” гэж гуйж байгаад цээж хэсгийнх нь нүцгэн зургийг авсан. Тэр зургийг авсны дараа бас өөр бандитай харьцаад байхаар нь би хардаад “Чи наад залуутайгаа унт. Тэгээд над руу бичлэг хийгээд явуул” гэж хэлэхэд татгалзсан.
Би “Хоёулаа салъя” гэхэд “Тэгье” гэж хэлэхээр нь “Чиний нүцгэн зургийг чинь фейсбүүк дээр тавина. Тэгээд зургуудыг чинь тавихаар наад бандитайгаа жаргалтай байхыг чинь харна” гэж хэлсэн. Тэрнээс хойш түүнтэй харьцаагүй, би хэд хоногийн дараа чат бичээд уучлалт гуйгаад “Зургуудыг чинь устгалаа” гэж хэлэхэд надад за гэж хэлсэн” гэжээ.
Харин хохирогч охин:
“Фейсбүүкийн чатаар О гэх залуутай танилцсан. Бид хоёр чат байнга бичиж дотноссон юм. Сүүлдээ намайг гуйгаад байдаг байсан. Мөн хайртай, үерхье гэж хэлдэг болж намайг ХАЙР АА гэх зэргээр мессеж бичиж бид хоёр фейсбүүкийн мессенжерээр байнга харилцдаг болсон. О над руу “Мессенжерээр нүцгэн зургаа явуулчих” гэж хэлээд гуйгаад байсан. Тухайн үед зураг явуулахгүй бол сална гэж хэлээд байсан. Би тэр үед О сайн болчихсон байсан тул салахгүй гэсэндээ өөрийн нүцгэн зургийг өөрөө утсаараа дарж О руу явуулсан. Тухайн үед нүүр царайгаа оруулалгүй цээж болон бэлэг эрхтнийг оруулж хоёр ширхэг зураг авч мессенжерээр явуулсан.
Маргааш нь би хөдөө гэр рүүгээ явсан гэртээ очоод байтал О мессенжерээр намайг сүрдүүлж, дарамталж “Дотуур байрныхаа нэг бандитай бэлгийн харьцаанд ор, орж байгаагаа утсаараа видео чатаар надад харуул, тэгэхгүй бол энэ нүцгэн зургийг чинь фейсбүүкээр тарааж чамайг од болгоно” гэж дарамталсан.Түүнээс хойш над руу чат бичиж “Гэртээ байна” гэхэд “Дотуур байрандаа хурдан оч, бандитай унтаж байгаагаа харуул, бэлгийн харьцаанд орж байгаагаа видео коллоор харуул” гэж сүрдүүлээд байсан тул би өчигдөр шөнө хүүхдийн 108 дугаартай утсанд мэдэгдсэн юм. О-той биеэр уулзаж байгаагүй. Бэлгийн харьцаанд орж байгаагүй. Би түүний шахалтаар хэн нэгэнтэй бэлгийн харьцаанд ороогүй” гэжээ.
Улмаар шүүхээс О-г бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь , эсхүл эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Иргэн о гэж баахан бичсэнээ хамгийн сүүлд нь б.оргил гэж наасан