ШӨХТГ: Төмсний үнэ шатахуунаас бус нийлүүлэлтийн хомсдлоос нэмэгджээ
ШӨХТГ-аас төмсний үнийн өсөлт нь шатахууны өсөлттэй хамааралгүй, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой байгааг мэдээллээ. Тодруулбал:
“Хүнсний ногооноос төмсний үнэ 37.5%-аар нэмэгдсэн, орос сонгино 5,1%-аар, монгол лууван дунджаар 14,8%-аар, монгол шинэ ургацын байцаа дунджаар 45%-аар, хүрэн манжин 21,3%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Өнөөдөр Барс зах дээр 8 тн төмс бууж УБ хотын зах дэлгүүрүүдээр нийлүүлэгдэж Номин 2кг нь 8198₮, И-Март 1кг нь 1880₮, Барс кг нь 4500, бөөн 3500₮, Хүчит шонхор 4000-4500₮, Алтжин бөмбөгөр 4500-5000₮, Амгалан 4500₮ -р худалдаалж байна. Шинэ ургацын төмс гарч нийлүүлэлт нэмэгдэж эхэлж байгаа бөгөөд цаашид үнэ буурах хандлагатай байна. ШӨХТГ-с ажлын хэсэг гарч зах зээлийн зарчмаараа өссөн үү, үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон уу гэдэгт шалгалт хийж байна. Мөн дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй байгаа бөгөөд шинэ ургацын төмс гарч ирээгүй байх 7 сарын дунд үед хомсдол үүсч байна. Иймд тариалалтыг нэмэгдүүлэх, 7 сард импортын татварыг хөнгөлж уян хатан болгох, зоорь савны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүссэн үед борлуулах дотоодын хүнсний ногооны нөөцийг бүрдүүлэх гэх мэт бодлогын зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр бэлтгэж байна.” гэв.