СУРВАЛЖИЛГА: Төмсний үнэ нэмэгдсэн сургаар таксины халтуурчид үнээ 2500 болгожээ

“Төмс кг нь 5000 төгрөг болчихоод байхад таксины үнэ нэмэгдэлгүй яах вэ дээ”… Халтуурчид эл үгийг хэнэгчгүй, хайхрагчгүй хэлж байгаа сурагтай. Үнэндээ Монголд бүх зүйлийн суурь үнэ шатахуун бас төмсөн дээр тогтож байна уу гэлтэй. АИ95 хэрэглэдэггүй жижиг тэрэгнүүд хүртэл шатахууны үнэ нэмэгдсэн сургаар таксинд үйлчилж, амандаа орсон үнээ хэлж буй нь харамсалтай. Үгүй төмс хүртэл махны дайнд үнэлэгдээд эхлэхээр арга ч үгүй биз гэх бодол төрнө. 

Өдрийн 13:00 цагийн үед Багшийн дээдийн буудалд чиглэл, чиглэлийн автобус багширалдана. Үүнтэй зэрэгцээд халтуурны машинууд замын нэгдүгээр эгнээнд зогсох аж. Тэдний нэгээс “Явах уу гэж асуувал “Хаашаа гэж шууд угтуулан асуув. Тийшээ гэх хариултаа хэлбэл 1 кмын 1500 төгрөг гэж байна. 1200-д явах уу гэхэд “Явна” гээд цаагуур чинь такси 2000-гаар явж байгаа гэлээ. Цааш явж өөр нэг жолоочоос асуувал 2000 төгрөг гэж байна. Тэр машин 1500 гэж байхад та яагаад 2000 төгрөгөөр явж байгаа юм гэхэд уцаарлангуй юмны үнэ нэмэгдчихээд байхад гээд ухас хийгээд яваад өгөв. Энэ мэтчилэн хэд хэдэн таксины жолооч нарын эргэж буцсан хариултын эцэст нэгэн жолоочтой үнэ тохирч, зорьсон газар руугаа хөдөллөө. Хүрэх газраа хүртэл бид хэсэг хууч хөөрөв.

-ТАКСИНЫ ЖОЛООЧИД ЯЛГААГҮЙ Л АМЬДРАХ ГЭЖ ЯВНА-

Та хэдэн жил таксинд явж байгаа вэ?

Приус 20 машинаа авснаас хойш гэхээр, сүүлийн гурван жил юм уу даа.

Халтууртай өдрөө хэчнээн төгрөгний орлоготой байдаг вэ?

Миний хувьд давхар ажил эрхлээд түүнийхээ хажуугаар таксинд явдаг учир эдийн засгийн хувьд асуудал багатай. Гэхдээ овоож оцойтлоо олж чадахгүй ээ. Ийш тийшээ явах бензин тосныхоо зардлыг л олоод байдаг юм. Дан ганц халтуураар амьдралаа болгодог залуус бүсээ чангалж, хоногийн хоолоо алдчихгүй л яваа байх.

АИ92 шатахууны үнэ өсөөгүй байхад жолоочид үнээ нэмж байгаа учир юу вэ?

Халтуураас өөр ажилгүй залуус км тутмын үнээ нэмэхгүй бол зөвхөн шатахууны үнэ өсөх, буурах хамаагүй шүү дээ. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байгаа бол таксины жолоочид ч орлогоо олж байгаа ганц ажлынхаа хөлсийг нэмэх нь зөв үү? Чи нэг бодоод үз дээ. Ард түмэн элгээрээ мөлхөөд эхэлсэн байна. Хоолныхоо ихэнх хувийг төмсөөр болгодог байтал төмс хэд болсон гэв ээ. 

Таны хувьд км-ыг хэдэн төгрөгт явж байна вэ. Эсвэл үйлчлүүлэгчтэйгээ тохиролцоод явах уу?

Зарим хэсэг нь таксины жолооч нар үнээ нэмж байна гэж бухимдахаас өөр зүйлгүй бидэнд өнгөц хандлагаар хандаж байна. Такси үйлчлүүлэгчгүй сул газар их явдаг. Дээр нь нийслэлийн түгжрэлийг чи надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа. Түгжрэлд хэдэн цаг зогсоход шатахуун шатаж л байдаг. Тэглээ гээд дуудлагын такси шиг түгжрэлд минут нь тэд гээд үнэлж чадахгүй. Эсвэл хаа хол газар руу явна гэж суучхаад хүрэх газартаа хүрэхэд мөнгө нь хүрэхгүй байна гээд 10,15 мянга гарвал 3000, 4000 төгрөг өгөөд буух тохиолдол байна.

ооцоогоо төлөхдөө дутуу мөнгө өгөх иргэд тантай  хэр таарав?

Эхлээд суухдаа км нь хэд вэ гээд асууж байгаарай. Одоо бол 1500 зарим нь 2000 төгрөг болсон. Оройн цагаар бол мэдээж багахан нэмэгддэг. Миний хувьд үйлчлүүлэгч суухаас өмнө “1500 төгрөгөөр явна шүү” гээд урьтаад хэлдэг болохоор миний машинд сууж ч амжилгүй зарим нь “Пээ паа яасан үнэтэй юм, хэзээ ингэж нэмэгдсэн юм гээд хэл ам хийгээд буцдаг. 

Би хүрэх газартаа хүрч, бидний яриа өндөрлөв. Ийнхүү такси үйлчилгээний үнийн талаар иргэдийн санаа бодлыг сонирхлоо.

-ИРГЭД: НЭГ НЬ ҮНЭЭ НЭМЭХЭД, БУСАД НЬ ДАГААД ҮНЭ НЭМДЭГ-

Таксинд шаардлагатай үедээ л суудаг. Түүнээс ихэвчлэн автобусаар зорчдог. Одоо бас дулааны улирал болохоор  зав зайтай бол ийш тийшээ алхаж яваад ажлуудаа зохицуулчихдаг. Сүүлд  өнгөрсөн долоо хоногт оройтох ажил гараад таксинд суухад 1 км 2500 гэж айсан. Юмны үнэ нэмэгдээд ахуй аж амьдралын зардал нэмэгдэж байгааг бүгд мэдэж байгаа. Гэхдээ нэг нь үнээ нэмэхээр дагаад бусад нь үнээ нэмдэг биш үнийн өсөлтийн эсрэг тэмцэх хэрэгтэй”

 

 

Өмнө нь хол ч, ойрхон ч ухас хийгээд гараа өргөөд таксинд суучихдаг байсан. Миний хувьд таксины үнэ нэмэгдсэнд сэтгэл дундуур байгаа ч суухгүй байж бас чадахгүй юм. Суухаасаа өмнө жолоочтой үнээ тохироод ярьж хөөрөөд болгоод л байна”

 

 

АИ92 шатахууны үнийг энэ оныг дуустал ЗГ-аас тогтвортой барина гэж байхад таксины үнэ нэмэгдсэн нь татаагүй л байна. Юмны үнэ нэмэгдэж байгааг ойлгож байна. Тэглээ гээд хэн дуртай жолооч нь 2000, 2500 гээд амандаа орсон үнээ хэлээд байж болохгүй. Тогтсон нэг үнээ л баримаар байна”

 

 

“Такси хэрэгтэй үед дуудлагын таксины үйлчилгээг сонгодог. Хааяа нэг зам дээр гараа өргөөд таксинд суухаар тоос шороо пургисан, тамхины үнэр нэвчсэн тухгүй байдаг. Түгжрэлд удаан зогсвол үнэрт нь дотор муухайраад хэцүүхэн дээ. Халтуурчид үнээ нэмдэг шиг ээ машиндаа анхаарч байгаасай. За орчин нөхцөл яах вэ гэхэд дуудлагын таксинаасаа үнэтэй яваад байгаа юм шиг санагддаг. Сүүлд км нь 2000 төгрөг болсон байсан. Харин “Ub Cab” км нь 1500 төгрөг, дуудлагын үнэ гээд 1000 төгрөг нэмэгддэг. Утсан дээр хэдэн км явах, тооцоо хэд гарах нь тодорхой харагдаад амар шүү.”

 

ДҮГНЭЛТ:

Юмны үнэ нэмэгдээд байхад цалин бахь байрандаа л гэж бүгд боддог ч, таксины үнэ нэмэгдсэнд бид уурлаж, бухимдан хүлээж авдаг. Гэтэл тэд ч мөн амь зуудаг, ашиг хүртдэг ажлынхаа хөлсийг зарим тохиолдолд нэмэхээс өөр аргагүй болдгийг үгүйсгэхгүй. Гэвч иргэд ч мөн амьдрах хэрэгтэй гэдгийг аль аль талдаа бодох хэрэгтэй мэт…

Төмсний үнэ нэмэгдэхэд шороотой төмсөө махны дайтай үнэллээ гэж ногоочид руу бухимдана. Махны үнэ нэмэгдэхэд малчдыг ажилгүй шахуу хэдэн мал хөдөө хээр талд үржүүлж байж тэнгэрийн үнээр махаа үнэллээ гэж уцаарлана. Өнгөц харагдах байдал ийм аж

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *