Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
Өмнөговь аймгийн “Оюутолгой” ХХК-ийн уурхайн бүсэд коронавирусын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн ч Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Тус боомтын бараа тээврийн орох гарах хөдөлгөөн болон зохицуулалтын талаар Гаалийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн ажилтан н.Сайханзаяагаас тодрууллаа.
Тэрбээр, “Гашуунсухайт боомт өчигдөр буюу 3 дугаар сарын 17-ны өдөр 50 машин нэвтрүүлсэн. Хятадын тал бүх жолоочоос шинжилгээ авч, хариу сөрөг гарсан жолооч нарыг нэвтрүүлсэн. Үүнтэй адил өнөөдрийн байдлаар мөн 50 жолооч шинжилгээгээ өгсөн. Одоогийн байдлаар хариугаа хүлээж байна. Хятадын талаас бүх жолооч нараас шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсныг гаргаж байгаа. Манай талын гааль дээр ямар ч асуудалгүй, өмнөх шигээ үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна.
-Ямар оношлуураар оношилж байгаа бол? Жолооч нар шинжилгээний хариугаа хэдэн цаг хүлээж байна вэ?
– Хятадын тал жолооч нараас өглөө шинжилгээ авсан бол үдээс хойш хариу нь гарч байна. Тиймээс PCR шинжилгээ хийж байгаа байх” гэсэн мэдээллийг өглөө.