Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч авто замын боомтоор ачаа тээвэрлэлт хийгдэж эхэллээ
Цар тахлын улмаас Хятадын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд 2021 оны наймдугаар 22-ны өдрөөс хойш хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээжээ.
Ингэснээр Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлсэн байна.
Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилд Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн, Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат гэсэн байнгын ажиллагаатай авто замын 9 боомт ажиллахаар тохиролцсон байдаг. Эдгээрээс өнөөдрийн байдлаар долоон боомт нээлттэй ажиллаж, ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн явж байгаа юм.
Эх сурвалж: ГХЯ