ЗХЖШ: Өвчин нь нууц үедээ оношлогдсон цэргүүд маань халдвар тараах эрсдэлгүй
Зэвсэгт Хүчний Жанжин Штаб (ЗХЖШ)-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн халдварын талаар ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Сүрьеэгийн тархалт нь идэр насны залуусын дунд өндөр эрсдэлтэй байна. Түүнчлэн цэргийн алба хаагчид хуаранд бөөнөөр амьдардаг. Нэг байранд олуулаа амьдардаг учраас сүрьеэ өвчин тархах эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс тухайн цэрэгтэй ойр нэг салаанд байсан хүүхдүүд гол төлөв өвдсөн.
Цэргийн алба хаагчдыг ирэхэд эрүүл мэндийн зургаан төрлийн шинжилгээг хийсэн. Үүний нэг нь цээжний рентген зураг юм. Тухайн зураг дээр ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Сүрьеэ өвчний нууц хугацаа нь зургаан сар хүртэл үргэлжилдэг. Заримдаа рентгенд харсан ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий.
Засгийн газрын тогтоолоор сүрьеэ өвчин нь цэргээс халагдах өвчний жагсаалтад орсон байдаг. Гэхдээ өвчин нь нууц үедээ оношлогдсон цэргүүд маань халдвар тараах эрсдэлгүй. Өөрөөр хэлбэл, эрсдэлгүй хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүд байгаа юм. Өвчний шинжилгээ нь бүгд сөрөг гарсан. Эрүүл мэндийн сайдын гаргасан заавар зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж байгаа” гэв.