ТОДРУУЛГА: БЗД-ийн 26-р хорооны Засаг дарга шахалтаар ажлаа өгсөн гэв
БЗД-ийн 26-р хороонд өчигдөр /2021.03.21/-өөс эхлэн хөл хорио тогтоосонтой холбогдуулан тус хорооны Засаг даргаар ажиллаж байсан Г.Отгонбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Миний бие БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг даргаар 2 жил 4 сарын хугацаанд ажилласан. 2020 оны орон нутгийн сонгуулиар МАН засаг олонхи болсноос хойш АН-ын үед ажиллаж байсан хороодын Засаг даргыг ажлаас гарах, өргөдөл өгөхийг шаардаж, улмаар чөлөөлсөн.
Би дүүргийн 28 хорооноосоо ганцаараа албан тушаалдаа үлдсэн Засаг дарга байсан. Сүүлийн долоо хоногт өдөр болгон дуудаж, ажлаа өг хэмээн шаардсан.
Дүүргийн Засаг дарга “Таныг сонгосон хурал хууль бус байна гэх шалтгаанаар намайг хална” гэж байсан. Иргэний сонгох, сонгогдох эрхэнд төрийн захиргааны албан хаагчид ингэж оролцож болохгүй. Миний хувьд ажлаа өг гэсэн шахалтан доор ажиллах нь хүндрэлтэй байлаа.
Улмаар 3 дугаар сарын 16-нд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Иргэд маань улс төрийн нөхцөл байдлаас болж хорооны Засаг даргыг ажлаас чөлөөллөө гэсэн мэдээлэлтэй байна.
Иргэдийн хувьд намайг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг сайн дураараа гаргаж байна. Цаашдаа хорооны иргэдийн нийтийн хурал зарлах байх. Тэр хурлаар иргэд хорооныхоо Засаг даргыг сонгодог. Хурлаа хуулийн дагуу зарлавал би нэрээ дэвшүүлнэ. Одоо 26 дугаар хорооны Засаг даргаар томилогдоод буй О.Түвшин “Ажлаа өгөөч” гэж хоёр удаа ирж уулзсан. Жирийн иргэн төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүнд ирж, ажлаа өг хэмээн шаарддаг нь ямар учиртай зүйл гэдгийг нь дүүргийн удирдлагуудад уламжилсан.” хэмээлээ.
БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшин
Харин Засаг даргын томилгоо хийхтэй зэрэгцэн хөл хорио тавьсан талаар албаны болон БЗД-ийн иргэдийн байр суурийг тодруулахад,
ДИТХ-ын төлөөлөгч Т.Энхбаяр: “Ямар ч зохион байгуулалт, хөл толгой гэж энэ дүүрэг хороонд алга. Иргэдийн эрхэнд бүдүүлгээр халдсан шийдвэр гэж үзэж байна. Хорооны засаг даргыг хөл хориогоор далимдуулан халсан нь үнэн”
Иргэн Ч.Жавхлан: “Гэнэт хөл хорионы шийдвэр гаргасан нь маш хүндрэлтэй байна. Гэрийнхээ доод талын дэлгүүрүүд болон эмийн сангаар үйлчлүүлж хэрэгцээгээ хангаж байна. Гэхдээ өөр эмийн сангаас авдаг эм байхгүй учраас хүндрэлтэй байна“
Иргэн М: “Аль байр нь голомт болоод байгаа талаар огт мэдээлэл өгөлгүйгээр хөл хорио тогтоосон. Тэгсэн атлаа гэнэт БЗД-ийн Засаг дарга манай хорооны Засаг даргыг сольчихлоо.”
Иргэн Б: “БЗД-ийн 26-р хорооны дарга нь хорооныхоо нутаг дэвсгэр дээр төрийн өмчийн ЕБС-ийн барилга бариулахын тулд тэмцэж, шүүхэд ялалт байгуулсан. Гэтэл тэр шөнөдөө БЗД-ийн 26-р хорооны даргыг ажлаас нь чөлөөлж, КОВИД-19 дэгдэх магадлалтай гээд 5 хоног хөл хорио тогтоожээ. Тохиолдол уу? Тохироог нь бүрдүүлсэн төлөвлөгөөт ажил уу? Улс төрийн зорилгоор КОВИД-19 өвчнийг ашиглаж байна уу? гэсэн хардлага төрүүлж байна. Хорооны дарга нь солигдох, хөл хорио тогтоох нь тохиолдолоор давхцав уу?Ажилдаа явж чадаагүй хүмүүст байгууллагууд нь цалинг нь олгох уу? Ажил тасалсанд тооцох юм уу? Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн бол 5 өдрийн орлогоо алдах нь байна.”