Иран улс эмэгтэйчүүдийг зар сурталчилгаанд тоглохыг хоригложээ
“Domino Dairy” нэртэй компани шинэ сурталчилгаа цацсаны дараа Иран улс эмэгтэйчүүдийг зар сурталчилгаанд тоглохыг хориглосон байна. Тус улсын Соёл, Исламын Удирдлагын Яам тэрхүү сурталчилгааг олон нийтийн ёс зүйн эсрэг үйлдэл гаргасан, эмэгтэйчүүдийн ёс зүйг доромжилсон хэрэг гэсэн шалтгаанаар энэхүү хоригийг тавьжээ.
Ираны засгийн газартай холбоо бүхий “Far News” агентлаг тэрхүү сурталчилгааг “Саяхан нэгэн алдартай зайрмаг үйлдвэрлэгч брэнд сошиал медиа ашиглагчдын сонирхлыг татсан сурталчилгаа цацсан. Энэхүү бичлэгт зүй бус хувцасласан нэгэн эмэгтэй эротик байдлаар зайрмаг иддэг” хэмээн мэдээлсэн байна. Энэхүү хоригийг тавихаас өмнө буюу долдугаар сарын 5-ны өдөр Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси эмэгтэйчүүдийн хувцаслалтыг хязгаарласан хижаб хуулийг сахиулж эхлэх тушаал гаргасан юм.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ