|

Эрт ургацын төмс нэг килограмм нь 2500-3200 төгрөгөөр зарагдаж байна

Нэг килограмм нь 4,000 төгрөгт хүрээд байсан төмсний үнэ буурсан тухай Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас/ШӨХТГ/ мэдээллээ.

Тус газраас мэдээлснээр өчигдөр буюу долдугаар сарын 26-ны өдөр Барс зах дээр эрт ургацын 10 тонн буюу 250 шуудай төмс буужээ. Эрт ургацын ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр Барс зах дээр бөөний үнэ ₮2,875, жижиглэнгийн үнэ ₮3,200, Емарт сүлжээ дэлгүүрээр эрт ургацын төмс нэг килограмм нь 2,500 төгрөгөөр  борлуулагдаж байна.

Долдугаар сарын 21-ний байдлаар иргэдийн ногоо хамгийн их бөөндөж авдаг Барс захад төмс кг нь 4,500, бөөний үнэ 3,500 төгрөг байжээ.

Улаанбаатар хотод Сэлэнгэ аймгийн Орхон сумаас эрт ургацын төмс нийлүүлэгдэж, борлуулалтад гараад байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ургац хураалт ийнхүү эхэлснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурах юм гэдгийг салбарын яамнаас хэлж байв.

Харин ШӨХТГ-аас хүнсний ногооны үнэ зах зээлийн зарчмаараа өссөн эсэхийг шалгаж, нийлүүлэлтийн хомсдол үүссэнтэй холбоотой хэмээн үзжээ. Улмаар дотоодын ногоочдоо дэмжих үүднээс төмсний импортын татварыг 30% болгож өсгөсний улмаас импортын төмс орж ирэхгүй, шинэ ургацын төмс гараагүй байх долдугаар сарын дунд үед хомсдол үүсэж, үнэ нэмэгдсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *