“Вакцин хийлгээгүй бол сургууль, цэцэрлэгт хамруулахгүй” гэдэг ташаа мэдээлэл
Омикроны тав дахь давлагаа эхэлж халдварын тоо огцом нэмэгдэж буйтай холбоотойгоор цар тахлын эсрэг дархлаажуулалтын аяныг идэвхжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулах шийдвэр гарсан. Хэрэв вакцинд хамрагдаагүй тохиолдолд сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгээд буй.
Тэгвэл өнөөдөр /2022.07.27/ хийсэн Засгийн газрын мэдээллийн үеэр энэ талаар тайлбар хийсэн юм.
Тодруулбал, 5-11 насны хүүхдүүдэд зөвхөн сайн дурын үндсэн дээр, эцэг эхийн зөвшөөрлийн дагуу вакцин хийнэ. Вакцин хийлгээгүй бол сургууль цэцэрлэгт хамруулахгүй гэдэг бол ташаа мэдээлэл хэмээн албан ёсоор мэдэгдсэн юм.