Филиппин улсад 7.1 магнитудын газар хөдлөлт болжээ
Филиппин улсын Лузон арал дээр 7.1 магнитуд хүчтэй газар хөдлөлт лхагва гарагт (2022.07.27) болсны улмаас таван хүн амиа алдаж, хөрсний гулгалт үүссэний улмаас хэд хэдэн барилгад хохирол учирсан байна. Хөдлөлтийн чичиргээ нийслэл Манила хотод хүртэл мэдрэгджээ.
Тус улсын Галт уул болон газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн захирал Ренато Солидум хэлснээр хөдлөлтийн төв Абра мужийн уулархаг бүсэд байсан аж. Газар хөдлөлтийн төвтэй ойрхон ажиллаж байсан цагдаагийн ажилтан Майкл Бриллантес “Газар яаг л савлуур шиг чичирхийлж эхэлж бүх гэрэл унтарсан. Бид бүгд оффисоос гүйж гарсан. Миний амьдралдаа мэдэрсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт” гэжээ. Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор өнөөдөр газар хөдөлсөн бүсэд очиж иргэдтэй уулзах болсон байна.
Эх сурвалж: Associated Press
Б.БУЯНДОРЖ