|

Инстаграмын шинэ өөрчлөлтүүд Ким Кардашян, Кайли Женнер нарыг бухимдуулжээ

Дэлхийн томоохон сошиал платформуудын нэг Инстаграм саяхан хэд хэдэн шинэчлэлтийг үйлчилгээндээ нэвтрүүлсэн бөгөөд энэхүү өөрчлөлт олон хэрэглэгчдийг нь бухимдуулж, Ким Кардашян, Кайли Женнер зэрэг алдартнуудын эсэргүүцэлтэй тулгарсан тул буцаахаар болсноо өчигдөр зарлажээ.

Үнэнч хэрэглэгчид нь Инстаграмын шинэчлэлтийг ТикТокыг хэт дуурайх гэсэн оролдлого хэмээн шүүмжилжээ.

Тухайлбал постуудыг дэлгэц дүүргэн харуулж, дагаагүй хуудасны нийтлэлүүдийг хэрэглэгчдэд хүчээр харуулдаг болгосон зэрэг өөрчлөлтүүдийг буцаасан байна.

“Эрсдэлтэй, зоригтой алхам хийж, бүтэлгүйдсэндээ би харамсдаггүй. Гэхдээ энэ удаа бид хийсэн алхмаасаа ухарч, дахин бодох хэрэгтэй боллоо. Эндээс бид маш их зүйл сурч, илүү дээр шинэ санаа олох болно” гэж Инстаграмын захирал Адам Моссери хэвлэлд ярьжээ.

Тус платформын нэг тэрбум гаруй хэрэглэгчдийн төлөөлөл энэ долоо хоногийн эхээр өөрчлөлтийг эсэргүүцсэн хөдөлгөөн эхлүүлсэн бөгөөд уг хөдөлгөөнд 361 сая дагагчийнхаа тоогоор гуравдугаарт бичигддэг Кайли Женнер, 326 сая дагагчаараа долдугаарт бичигддэг түүний эгч Ким Кардашян нар нэгджээ.

Тэд “Инстаграмыг дахин Инстаграм болгоё”, “Би зүгээр л найзуудынхаа хөөрхөн зургуудыг үзмээр байна. Тиктокыг дуурайхаа боль” гэх мэт уриатай мэмийг тараасан байна.

Эх сурвалж: The Guardian

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *