Усан парк барина гэж худал хэлсэн “Эм Энд Жи” констракшнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Энхтайваны гүүрний зүүн талд буюу Дунд гол урсдаг хэсэгт усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч орон сууцны хороолол барьж эхэлсэн асуудал олны анхаарлыг татаад буй.
Уг асуудал нь хууль зөрчсөн, үүнтэй холбоотой шийдвэр нь авлигын хамааралтай байж болзошгүй гэж үзэн Туул голын Сав гарын захиргаанаас өнгөрсөн сард Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-т ханджээ.
Улмаар АТГ тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээсэн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Тэрбээр “Усан парк газар дээр илт хууль зөрчсөн буруутай этгээдүүд шалгагдаж эхлэх нь. АТГ гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг нээж шийдвэрлэсэн байна.
Авлигатай Тэмцэх Газар: Танай Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны долдугаар сарын 1-ний өдрийн 01/424 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээллийг 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр 2021 оны долдугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” хэмээн бичжээ.