Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл хайхран Тайваньд айлчилна
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл хайхран Тайваньд айлчилна хэмээн тус хэрэгтэй холбоотой хоёр эх сурвалж хэлсэн байна. Тэрбээр даваа гарагт (2022.08.01) Ази тивийн зарим орнуудад очих айлчлалаа Сингапур улсаар эхлүүлсэн билээ. Пелосигийн ажлын газраас түүнийг Сингапур Малайз, Өмнөд Солонгос, Япон улсуудад айлчлал хийнэ гэж мэдээлсэн.
Хэдийгээр түүнийг Тайваньд айлчилна гэдгийг албан ёсоор мэдээлээгүй ч дээр мэдээлсэн хоёр эх сурвалжаас гадна өөр нэгэн сурвалж “Reuters” агентлагт Пелоси Тайваньд очих талаар АНУ зарим холбоотон орнууддаа мэдэгдсэн гэж хэлжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч даваа гарагт (2022.08.01) Пелоси Тайваньд айлчлах нь БНХАУ-ын дотоод хэрэгт хүндээр халдсан хэрэг болно хэмээн маш хүнд нөхцөл байдлыг үүсгэнэ гэж анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ