“ОЮУТОЛГОЙ ТӨСӨЛ ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ГЭСЭН МИНИЙ БАЙР СУУРЬ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ”
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтой өнөөдөр /2021 оны 3 дугаар сарын 18/-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Цахим уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй болохыг илэрхийлэв.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхдаа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмд явуулж байсан албан бичигт дурдсан асуудлуудыг Рио Тинто компани цаг алдалгүй анхаарч, “Оюутолгой” төслийг Монгол Улсад үр ашигтай болгоход яриа хэлэлцээг чиглүүлэх шаардлагатайг онцоллоо.