Нэнси Пелоси өнөөдөр Тайванийн Ерөнхийлөгчтэй уулзана
БНХАУ-ын эсэргүүцлийг үл харгалзан АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайвань аралд айлчлал хийхээр өнгөрсөн шөнө буусан. Түүнийг Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайвань дахь төлөөлөгч Сандра Оудкирк нар угтан авсан юм. Лхагва гарагийн өглөө тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзах төлөвтэй байна. Тайваньд буусан даруйдаа хатагтай Пелоси “Дэлхий даяар дарангуйлал, ардчилал хоёрын аль нэгийг сонгох цаг мөч тулгараад байгаа өнөө үед Тайванийн 23 сая хүнтэй АНУ эв санааны нэгдэлтэй байх нь урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна” хэмээн твиттер хуудсаараа мэдэгджээ.
Түүнийг ирэхтэй зэрэгцэн Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээ зарлаж, Тайванийн зүүн эрэгт пуужингийн туршилт хийн, гол арлыг тойрсон усан хилд цэргийн сургуулилалт явуулахаа зарлалаа.
Шинжээчдийн үзэж буйгаар айлчлалын хугацаанд Хятадаас шууд дайсагнасан цэргийн ажиллагаа явуулах магадлал бага. Гэвч хариу арга хэмжээ нь сүүлийн жилүүдэд ажиглагдсан бусад үйлдлүүдээс давах магадлалтай байна.