Ван И: Пелоси 1.4 тэрбум хүнтэй дайсагнаж байна
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосиг Тайваньд айлчилснаараа 1.4 тэрбум хүнтэй дайсагнаж байна гэж мягмар гарагт (2022.08.02) хэлсэн байна. Пелоси БНХАУ-ын анхааруулгыг үл тоон мягмар гарагт Тайваньд газардсан билээ.
“Xinhua” агентлагт мэдээлснээр Ван И “Зарим АНУ-ын улс төрчид зөвхөн өөрсдийн хувийн эрх ашгийг л боддог. Тайванийн асуудал дээр албаар галаар тоглодог. Тэд өөрсдийгөө 1.4 тэрбум хүнтэй дайсан болгож байгаа бөгөөд яав ч сайнаар төгсөхгүй” гэсэн аж. БНХАУ энэхүү айлчлалыг “Нэг Хятад” зарчмыг хүндээр зөрчиж буй хэрэг гэж шүүмжилсэн. Мөн Хятадын албан тушаалтнууд АНУ-аас Бээжин хотод суудаг элчин сайдыг дуудаж Вашингтоныг хийсэн зүйлийнхээ шанг хүртэх болно гэсэн байна.
Эх сурвалж: Newsweek, Indian Express
Б.БУЯНДОРЖ