“Пфайзер вакциныг энэ сарын сүүлээр оруулж ирнэ”

Засгийн газраас өнөөдөр /2021.03.18/ вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг одоо байгаа вакцины нөөц болон хийх дарааллыг танилцууллаа.

Манай улс нийт 1.6 сая тун вакциныг 5 дугаар сарын 1 гэхэд  хүлээж авна. Энэ тун нийслэлийн нийт иргэдэд хүрэлцэнэ.

Одоогийн байдлаар хариу арга хэмжээний  багийн буюу талбар дээр ажиллаж буй иргэдийг вакцинжуулж дууссан. Үйл ажиллагаа нь тасралтгүй явах ёстой салбарын ажилтнуудыг хамруулж байна. Тухайлбал, өнөөдрөөс хэвлэл мэдээллийн, банк санхүүгийн, ус хангамж, усан татуурга гэх мэт 53 мянган хүнийг дархлаажуулах ажил эхэллээ. Худалдаа үйлчилгээний 40 мянган хүнийг дархлаажуулаад байна.  Нийтийн тээврийн 1000 жолооч, Нарантуул захын 6000 ажилтныг вакцинжуулсан. 45300 багшийг вакцинд хамруулж байна.

Энэ долоо хоногт хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настны 100 мянга орчим иргэнээ вакцинжуулна. Нийслэлд 6 хүн тутмын нэг нь вакцинд хамрагджээ. Ирэх долоо хоногт эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээ хамруулна. Тэдэнд Пфайзер вакцин хийнэ. Учир нь тус вакцин хариу урвал бага үзүүлдэг тул зорилтот бүлгүүдэд хийнэ. Астра Зенека вакцины хариу урвал өндөр байсан тул 65-аас дээш настай иргэдээ өөр вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан.

“Astrazeneca” вакцин хийлгэсэн иргэд 14 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх төлөвлөгөөтэй байсан бол ДЭМБ-ын зөвлөснөөр дөрвөн долоо хоног буюу хоёр сарын дараа дараагийн тунг хийлгэнэ. Харин  спутник болон синофарм вакцины хувьд 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэнэ. Иймд эхний тунгаа хийлгэсэн иргэдэд дахин мессеж илгээн, хугацааг товлоно. Энэ сарын сүүлээр Пфайзер вакцин орж ирэх ч хагалгаа хийлгэсэн, хүнд биетэй иргэдэд тарина. Учир нь тус вакцин хариу урвал бага үзүүлдэг тул зорилтот бүлгүүдэд хийнэ” гэлээ.

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *