Япон улс Хятадаас цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаарджээ

Тайванийн хоолойд явуулж буй цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг Токио Бээжингээс шаарджээ. Энэ тухай Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситой уулзсаныхаа дараа мэдэгдсэн байна.

“Хятад улсын харвасан пуужингууд манай улсын эдийн засгийн онцгой бүсэд унасан нь манай улс, хүн амын аюулгүй байдлыг аюулд оруулж буй ноцтой асуудал юм. Бид Хятад улсыг эрс буруушааж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Үүнээс гадна, энэ удаад Хятадын үйл ажиллагаа бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Бид цэргийн сургуулилалтаа нэн даруй зогсоохыг шаардсан” гэж тэрбээр хэлжээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчийн танхимын даргын Тайваньд хийсэн айлчлалын хариуд БНХАУ арлыг тойрсон зургаан бүсэд байлдааны буудлагатай, томоохон хэмжээний цэргийн сургуулилалтыг пүрэв гарагт эхлүүлсэн билээ.

Тайванийн эрх баригчдын мэдээлснээр, 11 пуужин харвасан байна. Харин Японы Батлан хамгаалах яам есөн пуужин харвасан гэж мэдээлжээ. Үүнээс таван пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдсэн байна. Түүнчлэн дөрвөн баллистик пуужин ийм сургуулилалтын түүхэнд анх удаа Тайванийн дээгүүр, яг нийслэл Тайбэй хотын дээгүүр өнгөрчээ.

Хятад улс ямар ангиллын пуужингууд харваснаа мэдээлээгүй байна.  Гэсэн хэдий ч Хятадын төв телевизээр гаргасан бичлэгээс үзэхэд ХАЧА нь 1000 хүртэлх км зайд байдаа оновчтой тусдаг ойрын зайн тусгалын пуужин харвах “DF-15B” хөдөлгөөнт цогцолборыг ашигласан байх магадлалтай байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *