Нөхөртэйгөө таарамжгүй харьцаатай байснаас үүдэн хүүхдээ өргүүлэх зар тавьсан нь тогтоогджээ
Цахим орчинд нэгэн эмэгтэй нярай хүүхдийн зураг байршуулан “Төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэх зар байршуулсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Шалгалт явуулах үед 22 настай, эмэгтэй нь нөхөр 26 настай эрэгтэйтэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж 28 хоногтой хүүгийнхээ зурагтай тухайн постыг нийтэлсэн нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийн эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн /ГБХЗХ/ хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байгаа юм.