ДЭМБ Ковид-19-ийн шинэ хувилбаруудын талаар мэдээлэхийг уриалав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн шинэ хувилбараар халдварласан тохиолдлуудынхаа талаар мэдээлэхийг улс орнуудад уриалжээ.
Одоогийн байдлаар анхааралдаа авах шаардлагатай хувилбаруудын тоонд Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн коронавирусийн гурван хувилбарыг оруулж байгаа юм.
Их Британид анх илэрсэн хувилбар 118 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Энэ нь өмнөх долоо хоногийнхоос 7-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин Өмнөд Африкт анх илэрсэн хувилбар 64 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдсэн бол Бразилд тархсан хувилбар илэрсэн орнуудын тоо 38-д хүрчээ.
ДЭМБ-ын мэдээлснээр коронавирусийн өөр шинэ хувилбарууд АНУ, Филиппин, Францад бүртгэгдсэн байна. Коронавирус нь хувьсан өөрчлөгдсөөр байгаа тул улс орнууд шинэ хувилбаруудын геномын дарааллыг тодорхойлж, лабораторийн судалгаанууд хийж иргэдэд мэдээлэх хэрэгтэй гэж үзжээ.
ЭХ СУРВАЛЖ: who.int