НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлахаар болоод буй. Түүний айлчлал 2022 оны 8 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тэрбээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирнэ.
Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзалт хийх. Мөн НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаа, Монгол Улсын түүх, соёл, зан заншил, байгаль, хүрээлэн буй орчинтой танилцахаар төлөвлөж байна.