|

Ван И гэж хэн бэ

Ван И 2013 оноос хойш Гадаад хэргийн сайд, 2018 оноос хойш Төрийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Тэрээр 1953 оны аравдугаар сарын 19-нд төрсөн. Өдгөө 69 настай Хятадын ахмад дипломатч, улстөрч юм

Тэрбээр 1969 оны есдүгээр сард ахлах сургуулиа төгсөөд Хармөрөн муж дахь Барилгын армийн корпуст найман жил алба хаасан. 1977 оны арванхоёрдугаар сард  Бээжинд буцаж ирээд тэр жилдээ Бээжингийн олон улсын судлалын их сургуулийн Ази, Африкийн хэлний тэнхимд элсэн оржээ. Тэрбээр тус сургуульд  давхар япон хэл сурч, 1982 оны хоёрдугаар сард бакалаврын зэрэгтэй төгссөн байна.

Тэрбээр англи, япон хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээрээ алдартай. Их сургуулиа төгссөний дараа Гадаад хэргийн яамны  Азийн хэлтэст дипломатчаар ажлын гараагаа эхэлж байжээ.  Харин 1989 оны есдүгээр сард Хятадаас Японд суух Элчин сайдын яам руу томлигдож, таван жил ажилласан байна. Харин   1994 оны гуравдугаар сард Хятадад буцаж ирээд Гадаад хэргийн яамны  Азийн хэлтсийн дэд даргаар томилогдож, дараа жил нь хэлтсийн дарга болон  дэвшжээ.

1997 оны наймдугаар сараас 1998 оны хоёрдугаар сар хүртэл АНУ-ын Жоржтауны их сургуулийн Гадаад харилцааны хүрээлэнд зочин эрдэмтэн байсан. Удалгүй буцаж ирээд сайдын туслах, Бодлого судалгааны газрын дарга болж байжээ.  Мөн 1999 оны есдүгээр сараас эхлэн Ван Хятадын Гадаад харилцааны их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр суралцаж, докторын зэрэг хамгаалсан байна. 2001 оны хоёрдугаар сард Ванг Гадаад хэргийн яамны Азийн асуудал эрхэлсэн дэд сайдаар өргөмжилжээ. Тэр үед хамгийн залуу дэд сайдад тооцогдож байв.

2004 оны есдүгээр сард Ванг Хятадаас Японд суух Элчин сайдаар томилжээ. 

Тэрбээр 2007 оны есдүгээр сар хүртэл энэ албан тушаалд ажилласан байна. Харин  2008 оны зургаадугаар сард Ван Чэнь Юнлинийг орлож Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байгаад 2013 оноос Гадаад хэргийн сайдын албан тушаал хашиж байна.

Бээжинд энэ оны сүүлээр болох Хятадын Коммунист намын их хуралд Ши Жиньпин гурав дахь таван жилийн бүрэн эрхийн хугацаагаа баталгаажуулна. Гэхдээ гадаад бодлогын хувьд тэс өөр түүх өрнөх бөгөөд тус улсын хамгийн өндөр албан тушаалтай хоёр дипломатч албан тушаалаасаа огцроход бэлтгэж байгаагийн нэг нь Ван И юм. Түүний бүрэн эрхийн хугацаа гуравдугаар сард дууссан бөгөөд  жил бүр болдог  хууль тогтоох чуулганаар төрийн албан тушаалтнууд солигддог. Ван И-г зууны дөрөвний нэгд дээд албан тушаалд ажилласан туршлагатай дипломатч гэдэг. Түүнийг хэн залгамжлах вэ гэдэг  нь дэлхий нийтийн анхаарлын төвд байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *