Согтуугаар “Жи-500” автомашин жолоодсон 18 настай иргэн оюутны байр мөргөжээ
18 настай эрэгтэй согтуугаар автомашин жолоодож яваад оюутны байрыг мөргөсөн зам тээврийн осол гарчээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Хөдөө аж ахуйн их сургууль”-ийн оюутны хоёрдугаар байр, автозамын зорчих хэсэг суудлын автомашин байшин мөргөж, жолооч нь бүхээгтээ хавчуулагдсан тухай дуудлагыгнаймдугаар сарын 07-ны өдрийн 06:36 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид очиход нийслэлийн Баянзүх дүүргийн харьяат 18 настай эрэгтэй Т согтуугаар “Жи-500” загварын суудлын автомашиныг жолоодож яваад оюутны хоёрдугаар байрыг мөргөж, жолооныхоо хүрдэнд хөл хэсгээр хавчуулагдсан байсныг задаргааны багаж ашиглан ажиллан гаргаж, нийслэлийн ЯТТТ болон, Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.