Хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж хамруулна
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн дунд “Нийслэлийн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа.
Одоогийн байдлаар 16 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт 181 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж байна.
Хүүхэд харах үйлчилгээг нэмэгдүүлэх, тухайн үйлчилгээг сайжруулах үүднээс “Хүүхэд харах үйлчилгээний санхүүгийн дэмжлэг олгох журам”, “Хүүхэд харагч бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”, “Хүүхэд харах үйлчилгээний шалгуур болзол, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих журам” зэргийг тус тус баталсан.
Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж багатай Баянгол, Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, 2-3 настай 2000 хүүхдийг нэмж авахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Нийслэлийн 7 дүүрэгт хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлж, хүүхдийн тоог нэмж байгаатай холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, стандарт, журмын дагуу шинээр хүүхэд харах үйлчилгээ эрхлэх иргэдийг бүртгэх, сургалтад хамруулах, хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг наймдугаар сарын 15 хүртэл зохион байгуулж байна.
Цаашид Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS6540:2015 стандартыг шинэчлэх, Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч нарыг сургаж чадавхжуулах зайны сургалтын хөтөлбөрийг боловсруулах, цахимаар суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.