Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад буй 590 төрлийн эмийг 30-70 хувиар хөнгөлнө
Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад 590 төрлийн эмийг 30-70 хувиар хөнгөлөх ба “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагаас 15 ерөнхий нэршлийн эмийг нэмлээ.
Эдгээр эм нь Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг тул даатгуулагч-иргэд чанартай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой юм.
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоолтой ЭНД ДАРЖ танилцуулна уу.
Түүнчлэн даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон бөгөөд 2022 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс олон улсын эмнэлзүйн удирдамж, ABCD ангиллын дагуу эм бичих ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдэж байгаа юм.